Г.Ганболд: Малын тоог бууруулахгүйгээр эдийн засагт эзэлж буй жинг багасгаж гэмээнэ Өвөрхангай хөгжинө

Г.Ганболд: Малын тоог бууруулахгүйгээр эдийн засагт эзэлж буй жинг багасгаж гэмээнэ Өвөрхангай хөгжинө

Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Энэ сарын эхээр орсон цас төвийн аймгуудын өвөлжилтийг шалгаад өнгөрөх шиг боллоо.   Аймгийн ИТХ-ын даргатай  уулзахад “Өвөрхангай аймаг  гэнэт орсон их хэмжээний цасыг харьцангуй гарз хохирол багатай тууллаа. Гэхдээ бид үүнд сэтгэл амрахгүйгээр бүх сумдаа тойрч ажиллаж байна”  хэмээн мэндийн хариу болгож хуучилсан?

-Өвөрхангай  бол хөдөө аж ахуйн  аймаг. Эдийн засгийн чадавхи нь ч мал аж ахуй дээр тогтдог. Шулуухан хэлэхэд, бараг 90 хувь нь мал аж ахуйгаасаа хамааралтай. Энэ нь цаад утгаараа  90 хувь нь байгаль, цаг уураас хамаарч  амьдардаг  гэсэн үг. Тиймээс  бид мал аж ахуйн салбарт илүү анхаарал тавихаас өөр арга байхгүй. Зуншлага ямар байв, намаржилт ямар байхаас өвөлжилт, хаваржилтын өнгө харагддаг. Мал аж ахуйн салбарт өсөлт гарч,  малын гаралтай түүхий эдийн үнэ өндөр байх аваас  өвөрхангайчуудын амьдрал илт сэргэдэг. Өвөрхангай аймаг таван сая 208 мянган толгой мал тоолуулсан. Энэ жил хоёр сая 100 мянган төл хүлээн авна. Тэгэхээр энэ зун манайх долоон сая толгой малтай зусна. Гэтэл манай аймгийн газар нутаг жижигхэн, 2.3 сая толгой мал бэлчээрлэх даацтай. Бэлчээрийн даац гурав дахин хэтрэхээр байгаа. Ерөнхийдөө өвөлжилт харьцангуй гайгүй гэж хэлж болно.

Таван суманд  зуд болсныг  эс тооцвол  өвөрхангайчууд өнөтэй сайхан өвөлжсөн.   Улсын онцгой комиссын гурван салбар манай аймагт үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ гурван салбарт 2000 гаруй тонн өвс, тэжээлийн нөөц  хадгалагдаж байсны дээр  аймгийн тэжээлийн фондод 200 тонн өвс, тэжээлийн нөөц байсан. Үүнийг өвөлжилт хүндэрсэн сумдад тараан өгч дэмжлэг үзүүлсэн. Хаваржилтын тухайд  өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд орсон их цас тал газраа 40-60 см, хунгарласан  газраа 1-1.4 м хүрсэн.  Энэ бол үнэхээр байгалийн онцгой үзэгдэл.   Цасан шуурганы үеэр  малаас гадна 114 хүн төөрсөн. 43 удаагийн дуудлагаар 113 хүнийг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүргэж өгсөн. Малаа бэлчээж чадахгүй 4-5 хоносон айл  ч бий. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Өвөрхангай аймагт ажиллаж таарч Засгийн газар  300 тонн өвсийг малчдад  үнэ төлбөргүй,  512 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай өгсөн. Манай нэг давуу тал бол Зэвсэгт хүчний хоёр ангитай.   Нөхцөл байдал хүндэрсэн үед  Зэвсэгт хүчний  туулах чадвар сайтай Зил 130 машинаар  сумдад өвс, тэжээлээ хүргэсэн. Үндсэндээ маш хүнд  өдрүүдийг  хохирол багатай даван туулсан гэж дүгнэж болно.  Хөдөө аж ахуйн газраас   3500 мал хорогдсон гэх  мэдээллийг ирүүлсэн.  Үүнийг таван сая 208 мянган толгой малтай харьцуулахад нэг хувь ч хүрэхгүй. Тийм  бид үүнийг хохирол багатай даван туулсан гэж ойлгож байгаа.

-Засаг даргын сэтгэлийг хамгийн их зовоодог зүйл бол аймгийн эдийн засгийн чадавхи.  Эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх   үндэс суурь нь  боловсруулах үйлдвэр.  Өвөрхангай аймгийн тухайд үйлдвэржилтийн асуудлыг хоёрдугаарт тавьж ирсэн гэж би хувьдаа дүгнэдэг. Та надтай санал нийлэх үү?

-Манай аймаг эмзэг эдийн засагтай гэж би хувьдаа дүгнэдэг.   Гэсэн хэдий ч эдийн засгийн тулгуур нь хүн ам шүү дээ.  Өвөрхангайг маш том  аймаг гэж хүмүүс боддог.  Чин үнэнийг хэлэхэд, манайх   улсын төсвөөс хамгийн их татаас авдаг.  Өөрөөр хэлбэл,  төсвийн орлогоо өөрөө бүрдүүлэх эдийн засгийн чадамжгүй гэсэн үг. Тиймээс  бид эдийн засгийн бүтцийг өөрчлөх хамгийн том зорилт тавин ажиллаж байна. Тодруулбал мал сүргийнхээ  тоо толгойг бууруулахгүйгээр эдийн засагт эзэлж буй жинг багасгах явдал.  Үүний тулд бусад салбаруудаа дэмжихээс өөр аргагүй  юм. Тэгэхээр нэн даруй  аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх асуудалд  онцгой анхаарал хандуулах ёстой.  Үйлдвэрлэл гэдэг   хийсвэрээр, зохиомлоор бий болдог зүйл биш. Зах зээлийн  эдийн засгийн онолоор л явна. Эрэлт байна уу үгүй гэдгээс их зүйл шалтгаална.  Эрэлт байж гэмээнэ  бид нийлүүлэх болохоос биш зохиомлоор 10 тийм үйлдвэр барина гэж  хийсвэрээр бодож болохгүй. Тийм учраас бид юун түрүүнд хэрэгцээ шаардлагаа  тодорхойлох ёстой гэж үзсэн. Өвөрхангайчуудын жилийн хэрэглээ ямар юм, юуг түлхүү хэрэглэдэг  юм гэхчилэн.  Мөн ажлын байрыг нэрлэх учиртай.  Ажлын байраар  маш олон зүйлийг тодорхойлж болно.  Жишээ нь, ажилгүй хүн бол ядуу.  Ядуу хүн архи ууна. Архи уусан хүн гэмт хэрэг үйлдэнэ.  Ажлын байрыг шийдэх юм бол цаана нь дөрвөн асуудал давхар  шийдэгдэг  учраас нэн тэргүүнд үүнийг авч үзэх хэрэгтэй. Гэхдээ мөн л  ажлын байрыг зохиомлоор бий болгох боломжгүй. Асуудлыг шийдэх гарц нь мэдээжийн хэрэг   хөдөө аж ахуйн гаралтай, малын гаралтай  түүхий эдэд  нэмүү өртөг шингээх явдал. Үүнийг  үйлдвэр барьж ашиглалтад  оруулах  замаар л шийднэ.  Ноос, арьс, шир, махны үйлдвэрийг  нэн тэргүүнд бий болгох  ёстой. Манайх ноосны үйлдвэр барьсан. Жилд 3500 тонн ноос угаах, самнах, ээрэх хүчин чадалтай. Энэ үйлдвэр байнгын 200 хүнийг ажлын байраар хангадаг. Ерөнхий сайдыг аймагтаа ажиллах үеэр махны үйлдвэр байгуулах  хүсэлт тавьсан.  Жаст агрогийн банкны барьцаанд байгаа   үйлдвэрийг Засгийн газар  манайд худалдан  авч өгөхөөр  болсон. Мөн  Хятадын Гуанжу мужийн махны үйлдвэртэй хамтарсан махны үйлдвэр байгуулна. Махны үйлдвэр  маш олон талын ашигтай. Канад, Австралийн Элчин сайд нар  “Танайх олон малтай юм байна. Бид судлаад үзтэл 8-10 жилийн давтамжтайгаар  зуд гэж зүйл болж маш их  мал үхсэн байх юм. Өвөрхангай гэхэд 2010 онд  гурван сая 200 мянган толгой мал тоолуулсан атлаа 1.6 сая нь зуданд үхсэн байна”  гэж байна лээ. Бидэнд хэлэх үг олдоогүй.  Миний зорилго бол малын гаралтай түүхий эд, малаа  эдийн засгийн эргэлтэд оруулах явдал.   Мөн уул уурхай, жижиг дунд  үйлдвэрлэл эрхлэгчид, аялал жуулчлалын салбарт  хөрөнгө оруулалт хийж, идэвхтэй үйл ажиллагаа явуулахаас өөр арга байхгүй.

-Аймгийн  шинэ удирдлагууд хөгжлийнхөө гарцыг юу гэж тодорхойлов?

-Өвөрхангай аймаг 2015-2020 он хүртэлх хөгжлийн бодлогын баримт бичгийнхээ дагуу хөгжлийнхөө гарцыг тодорхойлсон.   Өмнө нь бид  эдийн засгийг нэгдүгээр асуудал гэж үздэг  байсан бол  энэ удаад  байгаль орчныг тэргүүн зэрэгт тавьж,   эдийн засаг, ажлын байрыг  хоёр, гуравдугаарт явж байгаа.   Тэгэхээр манай аймгийн хөгжлийн бодлогын чиг хандлага  байгаль орчин,  түүн дээр тулгуурласан   аялал жуулчлал  гэж хэлж болно.  Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ч тусгагдсан.  Ер нь бол аялал жуучлалыг гурван бүсэд  хуваан хөгжүүлнэ. Жишээ нь,  зүүн талын бүс гэхэд л  Өндөр гэгээний өсч төрсөн нутаг, Өндөр гэгээнийг анх  ширээнд залсан их, бага Монгол уул, Ширээт цагаан нуур, Монгол Улсын төв цэг, Өвгөн суварга, хойшоогоо Өвгөн тарины  хийд гээд наашаагаа Хархорин, Төвхөн хийд гэсэн  маршруттай байх юм.   Баруун чиглэлд Баруун баян-Улаан сумын нутагт орших   элсний амралт сувилал  цаашлаад  Богд сумын  нутаг дахь  Их, Бага  Богд уулыг  түшиглэнэ. Богд сум бол  эртний үлэг гүрвэлийн олдвор ихтэйн дээр хадны сүг зураг олонтой.  Бас   манай аймгийн хамгийн өндөр цэг. Тэнд адал явдалт аяллыг  зохион байгуулж болж байна. Говийн чиглэлийн тухайд  Богд сумаас уруудаад   Өмнөговийн   Хонгорын элс гэсэн  маршрут бий.   Хангайн чиглэлд  Хархорин, Орхоны Улаан цутгалан, Бат-Өлзий, Найман нуурыг нэрлэж болно.  Маршрутаас гадна бидний хийх ёстой бас нэг ажил бол аялал жуулчлалын маршрутыг  дагасан үйлчилгээний төвийг  бий болгох явдал.  Нутгийн  иргэд жуулчдыг хүлээж авах, хоолонд оруулах,  отоглуулах,  морь унуулах зэргээр тэдэнд үйлчилснээр   өөрийн гэсэн орлогыг бүрдүүлэх нөхцөл бүрдэнэ .  Энэ бүхнийг үндэслээд бид  жуулчдад зориулсан мэдээллийн төвийг Хархорин,  Хашаатын заагт орших   байгалийн үзэсгэлэнт  Элсэн тасархай хавьцаа байгуулахаар төлөвлөж буй.  Архангайнхан ч биднийг дэмжиж хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа  илэрхийлсэн.  Бодлогын  баримт бичигт тусгагдсан  бас   нэг зүйл бол Өвөрхангай аймагт  босоо тэнхлэгийн тээвэр ложистикийн төв болох  зорилтыг дэвшүүлсэн.  Энэ хүрээнд   Дундговь аймгийн төвтэй холбогдох 320 км асфальтан замын асуудлыг  хөтөлбөрт тусгаж шийдсэн гэдгээ онцлох дурьдах нь зөв байх.  

-Өвөрхангай  уг нь  эдийн засгийн хувьд бие даах чадвартай аймаг  гэж би хувьдаа боддог. Мал сүргийнхээ тоогоор улсад тэргүүлэхийн зэрэгцээ   газар тариалан эрхэлж,  гурил тэжээлийн  үйлдвэртэй. Түүнчлэн гадна дотны жуулчдад   эртний нийслэл Хархорин хотоо үзүүлээд хөөрхөн хэдэн төгрөгтэй болдог?

- Газар тариалангийн тухайд 20 мянга орчим га   эргэлтийн талбайтай.  Талбайн хэмжээг өргөтгөх гэхээр Орхоны хөндийн түүх соёлын дурсгалт газар эвдэгдэхэд хүрч мэдэх аюултай.  Дэлхийн өвийн санд бүртгэлтэй шүү дээ, энэ хөндий чинь. Бусад  сумдын хувьд  мал ихтэй учраас газар тариалан хөгжүүлэх боломж хомс.  Манай аймаг энэ жил гэхэд таван сая 208 мянган толгой мал тоолуулсан.  Бэлчээрийн даацын асуудал биднийг зовоох болсон.   Энэ бүхэнд дүгнэлт хийж,  Өвөрхангай аймаг цаашид бүтээгдэхүүнээ   боловсруулах үйлдвэртэй болох  ёстой гэж үзэн  ажиллаж   байна. Хүссэн хүсээгүй таван сая 208 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахгүй бол бэлчээрийн даац хүрэлцэхгүй шүү дээ.  Мах боловсруулах үйлдвэр оруулж ирэхээр  хөөцөлдөж байна. Өвөрхангай аймаг малын гоц халдварт өвчингүй тайван бүс нутаг.   Тэр утгаараа  махны үйлдвэр байгуулчихвал Өвөрхангай төдийгүй төвийн бүсийн аймгуудын малыг эцсийн бүтээгдэхүүн болгож, зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх учиртай.  Гурил, тэжээлийн үйлдвэрийн тухайд маш бага хэмжээнд үйлдвэрлэл явуулдаг.  

-Малчид ноолуураа самнаад эхэлсэн. Ноолуурын хэдэн төгрөг мотоцикль болж, хил давахаас нь өмнө   аймагтаа авч үлдээх тухайд та бүхэн юу хийж байна вэ?

-Аймаг, сумдын удирдлагууд яг энэ асуудлаар саяхан зөвлөлдөж, санал бодлоо солилцсон. Энэ жилийн хувьд бидний тооцоолж байгаагаар 1000 гаруй тонн ноос авна гэж байгаа. 1000 тонн ноосыг одоогийн байгаа ханшаар бодох юм бол 100 тэрбум төгрөг гарна. Тэр 100 тэрбум төгрөг шууд малчдын гар дээр очоод эдийн засаг руу худалдаа аж үйлдвэр эрхэлж буй хүмүүс рүү, зочид буудал, ресторан, үйлчилгээний газар ажиллуулж байгаа хүмүүс рүү буюу эдийн засгийн 30-40 хувийг эзэлдэг салбар руу шууд ордог учраас бүх салбартаа дам нөлөөгөөр маш их том үр дагавао авчирдаг зүйл Ноолуурын ханш өнөөдрийн байдлаар кг нь  46 ам.доллар байх шиг  байна. харамсалтай нь ченж нар малчдын гар дээрээс кг –ийг нь 75 мянган төгрөгөөр авч байгаа.  Энэ ханш өдрөөс өдөрт унах нь ойлгомжтой.   Уг нь ноолуурыг угаагаад гаргавал  кг нь  100 ам.доллар хүрнэ.  Уг манайх  ноос, ноолуур боловсруулах  хоёр ч үйлдвэртэй.  Зундаа 200 орчим хүн ажилладаг.  Малчдаас кг ноосыг  700-800 төгрөгөөр худалдан авч угаагаад 4500 төгрөгөөр зах зээлд нийлүүлэн экспортлодог. Мөн ноосон  хөнжил  мэтийн ойр зуурын хэрэглээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.   Ноосны үйлдвэрээ өргөтгөн  ээрмэлийн үйлдвэр байгуулахаар зураг, төслийг нь гаргасан.  Төсөл  удахгүй  хэрэгжинэ. Үүний үр дүнд ээрмэл утас бий болгож, ноосоор даавуун бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Угаах төхөөрөмж нь бэлэн байна, үйлдвэрлэл нь бэлэн байна. Гагцхүү  нэмүү өртгөө шингээх явдал.  Тонн ноолуурыг угаахаар 50 орчим хувь нь хорогддог ч ашиг нь өндөр тусдаг. Жишээ нь,  80 сая төгрөгөөр  ноолуур худалдаж аваад таван саяар угаалгахад цаана нь 30 хэдэн сая төгрөгийн ашиг гарч байгаа юм. Нэмүү өртөг бол ийм л ашигтай. Багцаагаар бодож үзэхэд шүү дээ.

-Та бид хоёр сумдын хөгжлийн талаар ярилцсангүй.  Сум, орон нутгаа хөгжүүлэх тал дээр та юу хийж байна вэ?

-Сум болгон онцлогтой.  Түгээмэл  зүйл гэвэл  орлогынх нь эх үүсвэр мал аж ахуй. Тиймээс мал аж ахуйг түшиглэн хөгжих ёстой.  Энэ нь малын гаралтай түүхий эдээ сумандаа  боловсруулан зах зээлд нийлүүлэх явдал.  Өвөрхангай аймаг Франц улстай хамтран ажиллаад 15 жил болж буй. Хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарын хөгжлийн асуудлыг тодорхой төвшинд шийдэж чадсан. Энэ жилээс хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллахаар болсон.  Тухайлбал,  хамтарсан бяслагны үйлдвэр байгуулна.  Уянга суманд  бяслагны  жижиг цех бий.    Монголд үйлдвэрлэсэн бяслагийг   Щвейцар руу экспортлодог.   Францчууд  хонь, ямаа, үнээнийхээ  сүүгээр  300 гаруй нэр төрлийн бяслаг хийдэг юм билээ.  Гэтэл манай малчид өдөрт нэг удаа л сааль авдаг.   Түүхий эдээ бүрэн боловсруулж чаддаггүй учраас тэр. Бяслаг өөрөө махан  бүтээгдэхүүн биш учраас хилийн хорио цээр бага л гэж ойлгож байгаа. Сүүгээ халааж ариутгаад бүтээгдэхүүн  үйлдвэрлэдэг  учраас эрүүл ахуй талдаа асуудалгүй.  Тиймээс бид монгол бяслагийг олон нэр төрлөөр хийж, зах зээлд нийлүүлнэ.  Мөн энэ жил  таван суманд сүүний үйлдвэр оруулж ирнэ.

-Мал сүргийн бүтэц гэж том асуудал  бий.  Магадгүй миний ажигласнаар малчид  эдийн засгийн өгөөжийг нь бодоод ямааг түлхүү өсгөөд байх шиг. Ялангуяа говийн сумдын хувьд. Бэлчээрийн даац хэтэрч байгаа энэ үед мал сүргийн бүтцийг тэнцвэржүүлэх тухайд аймгийн удирдлага ямар бодлого баримталж байгаа вэ?

-Та бидний байнга ярьдаг, хэлэлцдэг сэдвийг хөндлөө.   Аймгийн удирдлагын зүгээс  энэ дөрвөн жилд үхэр сүргийн тоо толгойг нэмэгдүүлнэ  гэсэн  байр суурьтай байгаа. Үхэр нийт  мал  сүргийн долоо орчим хувийг эзэлдэг  бол  ямаа 42 хувьтай байх жишээний.  Хонь  44 хувьтай, үлдсэн нь адуу, тэмээ.  Малчид  эдийн засгийн үр ашгийг нь хараад ямаа өсгөөд байна л даа. Тиймээс ямаан тоо толгойг  бодлогын хэмжээнд барьж байхгүй бол  бэлчээрийн даац хэтрэх  асуудал тулгарч мэднэ.  

-Алслагдсан сум,  багийн иргэнд засаг, захиргааны болон төрийн хууль тогтоомж цаашлаад  цаг агаарын мэдээллийг ямар байдлаар хүргэдэг вэ. тодруулбал, иргэндээ хүрч ажилладаг арга туршлагыг тань бусдад түгээх гэсэн юм?

-Хамгийн боломжтой хэлбэр бол мессэж мэдээ.  Хөдөө, орон нутагт гар утасгүй хүн байхгүй болсон. Хамгийн алслагдсан багийн иргэд гэхэд л   Жи мобайлын гар утас  барих жишээтэй.  Үүгээр дамжуулан мэдээллийг цаг алдалгүй  шуурхай хүргэсээр ирсэн. Орон нутагт  дөрвөн  телевиз, нэг сонин, хоёр радио бий. Сониноор дэлгэрэнгүй  мэдээллийг хүргэх нь илүү үр дүнтэй  юм билээ.

-Засаг даргын хувьд иргэдийнхээ  хадгаламжийн хэмжээг сонирхож үзсэн үү. Эдийн засгийн хямралыг дагаад иргэд хадгаламжаа  татах байдал хэр ажиглагдаж байна вэ?

-Иргэдийн мөнгөн хадгаламжийн хэмжээ өмнөх жилтэй харьцуулахад бага зэрэг өсч  150 орчим тэрбум төгрөг болсон.  

-Уянга сумын нутагт дэвсгэрт өнөөдрийн байдлаар хэчнээн аж ахуйн нэгж алт олборлож байна вэ.   Хорь гаруй жилийн өмнө Монголын бүх нинжа нар Уянгад л бужигнуулж байсан. Тэдний сүйтгэсэн газрыг нөхөн сэргээж чадсан уу?  

-Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани бараг байхгүй.  Уянгын бүлэг ордын нөөц бараг шавхагдсан.  Үлдэгдэл дээр нь орон нутгийн иргэд ажиллаж, гар аргаар олборлодог.  Нөхөн сэргээлтийн тухайд  сүүлийн үед нэг зовлонтой зүйл гарч ирээд байгаа.  Засгийн газрын 308 тогтоолын хүрээнд илэрц багатай, ашиглах боломжгүй иргэдийг тухайн нутгийн оршин суугчид  нөхөрлөл  болж гар аргаар  олборлолт явуулах болсон. Би  үүнийг буруу бодлого гэж харж байгаа.  Хувь хүн, нөхөрлөлийнхөн хэзээ ч   ухсан талбайгаа нөхөн сэргээж чадахгүй,  чадах ч үгүй.  Аймагт ямар ч мэдэл байхгүй. Сум  шийдээд явдаг. Нөхөрлөлийнхөн дээгүүр явж хөөцөлдөж байгаад гэрээ байгуулчихдаг.  Үнэндээ бол цөөн тооны хэдхэн хүн л  өдрийн хоолоо залгах гэж гар аргаар олборлодог бол  хөрөнгөжсөн, техникжсэн  иргэд нинжа нэрийн дор хууль бусаар  алт олборлодог юм билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.