Тавантолгойн орлогыг талын нэг цацах бус иргэн бүртээ хүртээх учиртай

Тавантолгойн орлогыг талын нэг цацах бус иргэн бүртээ хүртээх учиртай

Монгол Улсын  Засгийн газар энэ хавар уул уурхай, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх томоохон төслүүдээ  хөдөлгөх болсноо зарласан нь чухамдаа эдийн засгийн хямралтай энэ цаг үед хамгийн зөв  шийдвэр болсон байж мэднэ. Үүнийг нь ч УИХ-ын дарга М.Энхболд бататган Хаврын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ  “Монгол Улс “Чалько”-д тавьсан өрөө төлж дууслаа. Одоо Тавантолгойн нүүрсээс олох орлого бүтнээрээ Монгол Улсын төсөвт орж, баялгийн үр шим монголчууддаа бүрэн зориулагдах болно” хэмээн онцолсон. Монгол Улс байгалийн асар их баялагтай атлаа эдийн засгийн эргэлтэд орж байгаа нь  алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр, жонш төдийхөн.  Гэхдээ  голж болохгүй.

Дэлхийд хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр дээгүүр  бичигдэх Оюутолгой, Тавантолгойн  төслүүд Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжиж, Оюутолгойгоос орж ирэх мөнгөн урсгалын  тодорхой хувь,  Тавантолгойн  нүүрсээс олох орлого тэр чигээрээ  манай улсын  эдийн засагт  эргэлдэх учиртай. Бас иргэн бүр  байгалийнхаа үр шимийг хүртэх ёстой. Оюутолгой  бүрэн хүчин чадлаараа ажиллах үед   Монгол Улсын эдийн засгийн чадавхи  хоёр дахин нэмэгдэх бол Тавантолгой түүнээс дутахааргүй, магадгүй 30 жилийн дараа илүү ч гарч мэднэ хэмээн эдийн засагчид ярьцгааж буй.

Баруун, Зүүн цанхиас жилд  200 сая тонн нүүрс экспортлох боломжтой аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээс үзэхэд, Тавантолгойн ордын тухайд дахиад 145 км коксжих нүүрсний сав газар, 10 гаруй ордын  илрэл буй нь тогтоогдоод байгаа гэнэ. Хэрэв эл мэдээлэл үнэн бол  манай улсын ирээдүй Тавантолгойн орд газраас ихээхэн шалтгаалах нь. Тус ордын ТЭЗҮ-ийг сонирхоход, 2-3 жилийн дараа сайн чанарын давхрага руугаа орох юм билээ.  Тэр  хэрээр Монгол Улсын  эдийн засагт уул уурхайн салбарын нөлөөлөл  өндөр байж, ДНБ-ий өсөлт  шууд өсөх нь  ч тодорхой. Тэгээд ч Тавантолгойн орд газарт хэрэгжүүлэх төсөл     Засгийн газрын оролцоотой учраас төсвийн орлогыг шууд  нэмэгдүүлнэ.

Төсвийн орлого нэмэгдэхээр  эрэлт нэмэгдэх нь  жам ёсны асуудал төдийгүй  эрэлт өсөхөөр эдийн засаг  өсөх нь ч зүйн хэрэг. Гагцхүү эдийн засгийн өсөлт дундаж амьдралтай иргэдэд яаж хүрч байна вэ гэдэг  нь өөрөө асуулт.   Тэдний  амьдрал сайжирвал энэ төсөл үнэхээр манай эдийн засаг, нийгэмд үр өгөөжтэй төсөл боллоо гэж хэлж болно.  Үүнийг ч МАН анзаарч бодлого, зорилтдоо тусгасан нь сайн хэрэг.  

Ямартай  ч  2017 онд ДНБ  25 хувиар өсөх хандлага  ажиглагдах болсон байна. Энэ бол ойрд сонсогдоогүй таатай мэдээ. Суурь үзүүлэлтүүд   нь ч дажгүй юм билээ.   Гэхдээ  асуудал бидний санаснаар  болдоггүйг  санах хэрэгтэй.  Олон улсын хөрөнгийн бирж дээр ногоон гэрлээр  суга  өсч байсан алт, зэс, нүүрсний ханш нэг л өглөө навс унадгийг мартаж болохгүй.  Тиймээс  хуримтлалын  сан байгуулж,   Тавантолгойгоос орж ирж  байгаа орлогыг  хуримтлуулах аваас тодорхой цаг хугацааны дараа  тэр нь эргээд  манай улсын  баялгийн нэгээхэн  хэсэг болно.

Харамсалтай нь бид  орж ирсэн бүхнийг хав дарж   чадахгүй нь ойлгомжтой. Тодорхой хэсгийг дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролд зарцуулж таарна.  Урьдын адил  зорилгогүйгээр тараах аваас гарах үр дагавар нь юу авчирдгийг мартаж болохгүй. АН засгийн эрх барьсан дөрвөн жилд 7.2 тэрбум төгрөгийн өндөр хүүтэй, хатуу нөхцөлтэй  зээл авч зээлийн 90 гаруй хувийг   зам тавьж, цэцэг тарьсан нэрээр салхинд хийсгэж орхисон байдаг.   Ийм улс орныг МАН хүлээж авсан. Тодруулбал,  төсвийн алдагдал долоон их наяд хүрсэн байсан юм. 

Түүгээр зогсохгүй,  Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат   олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө шууд болон шууд бусаар хүлээсэн өр төлбөрүүдээ богино хугацаанд барагдуулах  үүргийг  зээлдэгч улс орнуудын өмнө хүлээсэн.  Зөвхөн 2017 онд Монгол Улсын Засгийн газар нийт 0.8 тэрбум ам.долларын гадаад өр барагдуулах  шаардлагатай тулгарсан нь чухамдаа  дотоодын нийт бүтээгдэхүүний 7.5 хувьтай тэнцэж байв.  Үүнийг шийдэх арга зам нь  Олон Улсын Валютын Сан болон бусад түнш орнуудтай яриа хэлэлцээ хийх явдал. 

Дотооддоо авах арга хэмжээний тухайд эдийн засгийн хүндрэлээс гарах онцгой хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх тухай асуудал байлаа.  Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр, богино хугацаанд хүндрэлээс гарч, цаашлаад Монголд орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх томоохон төс­лүү­дийг хөдөлгөнө гэж Засгийн газар үзсэн хэрэг.   Эдгээр алхмууд  Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банкны зөв­лөм­жийн дагуу хийгдэх учиртайг ч цаг тухай бүрт нь мэдэгдэж байсан. Үр дүн ямар байгааг та бид бэлхэнээ харж буй. Ямартай ч Монгол Улс хямралын өмнө дээлийнхээ хормойг ар урдаа барьж гүйхээргүй болж, хормой бүтэн үлдлээ.  Энэ бол хамгийн сайн үзүүлэлт.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.