АН: Бөхөөр сайд тавьснаас болж батлан хамгаалах салбар дампуурлаа

АН: Бөхөөр сайд тавьснаас болж батлан хамгаалах салбар дампуурлаа

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж УИХ-аар хэлэлцэх хуулийн төслөөр байр сууриа нэгтгэжээ. Хуралдааны эхэнд Зөрчлийн тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжиний мэдээллийг сонссон бол Хөрөнгө оруулалтын хуулийн талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа мэдээлэл өгсөн аж. Тэгвэл эдгээр асуудал болон өнгөрөгч долоо хоногт батлагдсан төсвийн тодотголын асуудлаар АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тухайлбал, З.Нарантуяа гишүүн өнгөрөгч долоо хоногт баталсан төсвийн тодотголын талаар “Засгийн газар хоёр зүйл дээр иргэдээ бодоосой гэдэг үүднээс энэ санааг хэлж байна.

Долоон татварын гурвыг шууд тавдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх гэж байгаа. Хуулийг хэлэлцэж байх үед зарим гишүүд хугацааг аравдугаар сарын 1-нээс болгож өгөөч гэсэн зарчмын зөрүүтэй санал оруулсан боловч олонхийн дэмжлэг авч чадаагүй. Хоёрдугаарт тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмж байгаа. Гол нь малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан ч эргээд байрандаа очиж байна. Яг үүн шиг хүнд хортой нөхцөлд очдог хүмүүс наана тэтгэвэрт гардаг байсан бол буцаад байрандаа очлоо. Иргэдийн амжиргааны түвшин байдлыг дордуулсан хуулиуд гаргажээ.

Хуучин байсан хөнгөлөлттэй нөхцлүүдийг яах вэ гэдгийг тодорхой болгохгүй бол олон иргэд бухимдалтай байна” гэв. Мөн АН-ын бүлэг энэ сарын 12-нд Таван толгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Зэвсэгт хүчний 350 дугаар ангид гарсан ослын талаар байр сууриа илэрхийлээ. Ж.Батзандан гишүүн "Батлан хамгаалахын салбарын үйл ажиллагаа доголдсноос болж тус салбарт ажиллаж байгаа хүмүүс эрүүл мэндээрээ хохирч байна. Өнгөрсөн долоо хоногт юу болсныг та бүхэн мэдэж байгаа.

Гэтэл саяхан Батлан хамгаалахын салбарт алба хааж байсан нэг залууг цэргийн дарга нь хууль бусаар өвлийн хүйтэнд гадаа урт хугацаагаар зогсоосноос хөл, гараа тайруулсан гэдэг мэдээлэл ирж байна. Энэ салбар юу болоод байгаа гэдэг дээр АН-ын бүлэг анхаарлаа хандуулж байгаа.

Батлан хамгаалахын Бат-Эрдэнэ гэдэг сайд байгаа. Бөхийг сайд болгосон. Ардын нам Батлан хамгаалах салбарыг бөхөөр удирдуулснаас болж Монголын олон залуучууд амь насаа алдаж, эрсдэлд орж байна. Батлан хамгаалах салбарт мэргэжлийн удирдлага дутаж байна гэж АН-ын бүлэг үзэж байна. Энэ ч үүднээс Ерөнхий сайдад бүлгийн зүгээс Батлан хамгаалахын салбарт хариуцлага, сахилга батын чиглэлийг өгч байгаа төдийгүй, хариуцлага тооцож ажиллахыг АН-ын бүлгээс шаардаж байгаагаа үүгээр илэрхийлье" хэмээсэн юм.

Б.Эрхэс

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.