Ж.Мөнхбат: Засгийн газрын гишүүдийн зардал 200 гаруй тэрбум төгрөгөөр өссөн учрыг Сангийн сайд мэдэж байгаа

Ж.Мөнхбат: Засгийн газрын гишүүдийн зардал 200 гаруй тэрбум төгрөгөөр өссөн учрыг Сангийн сайд мэдэж байгаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат

-Засгийн газар өнгөрсөн найман сарын хугацаанд нэлээд олон газраас мөнгө босгож чадлаа. Эдгээр хөрөнгө оруулалтын ач тус хэзээ гарах бол?

-Чуулганы завсарлагаагаар Засгийн газар нэлээд олон ажил амжууллаа. Тухайлбал, бид Чалкогийн өрийг бүрэн барагдууллаа. Засгийн газрыг ажлаа авахад Чалкод төлөх 110, мөн хөрс суулгалтын өр 60 орчим сая ам.доллар буюу нийт 170 орчим сая ам.долларын өр байсан. Үүнийг  “Эрдэнэс таван толгой” компани зургаан сар гаруйн хугацаанд төлж дууслаа. Нүүрс худалдаалахдаа анх удаа дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ санал болгосон компанид өгнө гэсэн зарчим барьсан нь зөв болсон. Хоёр гурван компани захирал ширээний ард суугаад тохирдог байсан үе Таван толгойн нүүрс худалдаалах зарчимд байхгүй болж байна. Чалкогийн анхны гэрээг 70 ам.доллараар хийсэн. Өмнөх Засгийн газар энэ гэрээг цуцлаагүй байсан бол 170 сая ам.долларын өрийг найман сар, 350 сая ам.долларыг өрийг 1.6 жилийн хугацаанд төлөөд дуусах боломж байжээ гэдгийг өнөөдрийн үйл явдал нотлон харуулж байна. Нөгөө талаасаа Монгол Улс нүүрс борлуулах асуудлаа өөрөө шийдээд явах боломж бий.

-Засгийн газрын хувьд энэ хаврын чуулганыг ямар таатай мэдээлэлтэй угтаж байна вэ. Ямар ч байсан гадаадын хэд хэдэн улсаас хөнгөлөлттэй зээл авах нөхцөл бүрдээд байх шиг байна?

-ОУВС-ын хөтөлбөрт Монгол Улс хамрагдаж байгаатай холбоотойгоор хоёр орон, гурван байгууллага санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Энэ хүрээнд хөнгөлөлттэй урт хугацааны буюу 30 жилийн хугацаатай дэмжлэг тусламж орж ирж байна гэж ойлгож болно. Өнөөдөр Монгол Улсын эдийн засагт 850 сая ам.доллар орж ирнэ гэдэг бол маш том амьсгаа авах боломжийг нээж өгсөн. Тиймээс УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал маш үр дүнтэй боллоо гэж үзэж байгаа. Энэ айлчлалын үеэр  Японы Засгийн газраас манай улсад 850 сая ам.доллар өгнө гэдгээ илэрхийлж ажил хэрэг болох нь нэгэнт тодорхой болллоо. Мөн Өмнөд Солонгосын Засгийн газраас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл орж ирэх асуудал шийдэгдсэн. Саяхан Сангийн сайд Турк улсад айлчлахад 300 сая ам.долларын зээл авах тухай яригдаж байсан нь одоо 700 орчим сая ам.доллар болж нэмэгдэх боломж байгаа гэсэн эерэг мэдээтэй хаврын чуулганаа угтаж байна.

-Сүүлийн хэдэн өдөр Эрдэнэт үйлдвэрийг төр дээрэмдэж авлаа гэх асуудал эрчээ аваад байна. Үнэхээр төр дээрэм хийгээд байна уу. Эсвэл?

-Энэ асуудал дээр би хоёр зүйлийг албан ёсоор тодруулахыг  хүсч байгаа. Нэгдүгээрт, Эрдэнэтийн 49 хувийг монголын төрийн мэдэлд авах шийдвэрийг УИХ нь тогтоолоороо баталгаажуулсан. Угаасаа УИХ хууль буюу тогтоол  баталдаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Харин үүнийг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт байдаг. Тиймээс Засгийн газар УИХ-аас өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу УИХ-аас баталсан тогтоолыг хэрэгжүүлсэн. Хэрэгжүүлэхдээ төрийн төлөөллийг томилсон. Бид 49 хувийн талтай уулзах хүсэлтийг хэд хэдэн тавьсан. Гэтэл уулзалтад ирээгүй. Улмаар Засгийн газрын шийдвэр гарч 49 хувийн ТУЗ-ийг төлөөлж байсан гурван хүнийг өөрчилсөн. Тэгвэл өчигдөр “Эрдэнэт” –ийн ТУЗ хуралдаж,  орлогч дөрвөн захирлыг нь өөрчилсөн байгаа. 49 хувийг төлөөлж н.Шинэбаатар гэдэг хүн нэгдүгээр орлогч даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод ажиллаж байгаа. Тиймээс 49 хувийг огт үгүйсгээд гаргаад хаячихсан юм байхгүй гэсэн үг. Тодорхой хэмжээний төлөөлөл нь байж, яриа хэлцлээ хийх боломжийг нь бид нээлттэй үлдээж өгч байгаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийг төр мэдэлдээ 100 аваад л дарга нарын цалинг хэт өндөр болгож байгаа талаар мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар тайлбар өгөөч?

-Өчигдрөөс эхлээд “Эрдэнэт”-ийн захирлууд болоод ТУЗ-ийн гишүүдийн цалинтай холбоотой мэдээлэл цацагдаад байгаа. Би Засгийн газрын хэрэг эрхлэх газрын яг энэ асуудалтай холбоотой сайдын хувьд нэг зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна. Өнөөдөр Эрдэнэтийн ТУЗ-ийн гишүүн нэг ч хүн нэг ч удаа цалин аваагүй байгаа. Эрдэнэтийн Ерөнхий захирлын цалингийн хэмжээг ТУЗ нь баталж, тогтоогоогүй байгаа. Өөрөөр хэлбэл, цалингийн асуудал нь ТУЗ-өөр хэлэлцэгдээгүй байгаа гэсэн үг. Тиймээс ийм их хэмжээний мөнгө аваад байгаа юм шиг ташаа мэдээлэлийг зохион байгуулалттайгаар тараасан байна лээ.

-Тэгвэл цалингийн хэмжээг нь хэд байвал зохимжтой гэж харж байгаа юм бол?

-Засгийн газраас өнгөрсөн наймдугар сарын үед тогтоол гаргасан. Тодруулбал, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн дарга, удирдлагууд маш өндөр хэмжээний цалин урамшуулал гэдгийг бид тогтоогоод, 30-60 хувь бууруулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр хэрэгжээд явж байгаа. Тиймээс энэ Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зарчмыг “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-д ч чиглэл болгож өгсөн.

-Төсвийн тодотголд Засгийн газрын гишүүдийн зардал 200 гаруй тэрбум төгрөгөөр өссөн. Энэ юутай холбоотой вэ?

-2017 оны төсвийг батлахдаа яамд, Засгийн газар сайдуудын багцыг байж болох бүх хэмжээнд танасан. Сангийн сайд энэ асуудлаар илүү тодорхой мэдээлэл өгнө.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.