Батлан хамгаалах салбарыг авч явах хурандаа нар

Батлан хамгаалах салбарыг авч явах хурандаа нар

Үндэсний өдөр тутмын “Монголын мэдээ” сонин “Хэн нь хэн бэ” булангаараа яамдын харьяа агентлагуудын дарга нарыг онцолж байгаа билээ.  Өмнө нь ХЗДХЯ-ны харьяа агентлагуудыг онцолсон бол өнөөдрийн дугаартаа Батлан хамгаалах яамны харьяа газруудын дарга нарыг онцоллоо. Учир нь энэ салбар  Зэвсэгт хүчний жанжин штаб гэх  цорын ганц агентлагтай тул яамны  харьяа газруудын дарга нарын талаар өгүүллээ.

Азтай, одтой тэрбумтан генерал

Зэвсэгт хүчнийхэн Жанжин штабынхаа даргаа  ийн хэлдэг юм билээ.  Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав 2015 оны зургадугаар сард албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах үед  Монгол Улсын Ерөнхийлөгч  бүрэн эрхийнхээ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д.Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилуулах асуудлыг УИХ-д хүргүүлснээр  хурандаа Д. Даваагийн мөрөн дээр генералын алтан утас бүхий мөрдэс гялалзаж эхэлсэн түүхтэй. Тэрбээр 1963 онд төрсөн. Ховд аймгийн харьяат. Энэ эрхмийг анх гаргаж ирсэн хүн нь УИХ-ын гишүүн  Лу.Болд. Тодруулбал,  2008 онд  Батлан хамгаалахын сайдаар  томилогдсон даруйд БХИС-ийн Цэргийн дээд сургуулийн тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.Давааг яамандаа татаж авчиран Батлан хамгаалах яамны санхүү, хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга болгон дэвшүүлж өөд татсан  байдаг.   Ийн ажиллаж байтал нутаг нугийнх нь хүн дэд сайдаар томилогдсон нь  Даваагийн хувьд чухамхүү  албан тушаалын од гийх гээч болж, Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын даргаар томилогдсон нь  ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Ц.Бямбажавт  ойр байх, шадарлан нөхөрлөх боломж бүрдсэн гэж хэлж болно.  Ер нь  мань эр сүүхээтэй нэгэн л дээ. БХИС-д ажиллаж байхдаа л салбарын хэмжээнд зарлагдсан бүх  тендерийн 60 хувийг өөрийн болгодог  байсан гэх яриа байдаг. Яаманд ирж, албан тушаал дэвшсэн хойно оо ч эрхэм генерал зүгээр байгаагүй аж. Монгол Улсын хилээр орж ирэх эрхгүйн улмаас  Эрээний хил дээр бүтээлгээстэй  хэсэг хэвтсэн 50 ширхэг ниссан маркын автомашины асуудал л түүнтэй холбоотой байж магадгүй гэнэ.   Дашрамд дуулгахад, уг байлдааны машиныг  манай энхийг сахиулагчид  Сахар улсад үүрэг гүйцэтгэхдээ ашиглаж байгаад  Чад руу шилжүүлсэн байдаг.   Монгол Улсын Ерөнхийлөгч энхийг сахиулагчдаа эргэж очиход нь кондейшнгүй машинтай үүрэг гүйцэтгэж байгаагаа дуулгаснаар анх энэ  асуудал хөндөгдсөн билээ. Ерөнхийлөгчийн том хүү яг тэр үеэр  Сахарт үүрэг гүйцэтгэж байсан юм.  Энэ мэтчилэнгээр нааш цааш болгосон зүйлээсээ ашиг олсон Даваа генерал эдүгээ хувьдаа таван орон сууц худалдаж авч чадахуйц  бэл бэнчинтэй болсон байж мэднэ. Түүний унаган мэргэжил ар тал. Тэрбээр   ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг 1994 онд,  Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг Цэргийн ар талын команд штаб, оператив тактикийн мэргэжлээр  төгссөн. Ажил амьдарлынхаа гарааг   Монголын ардын армийн 162 дугаар ангид хүнс, хувцасны албаны даргаар  эхэлж ангийн хүнсний хангалтын тасгийн дарга, захирагчийн орлогч, ар талын дарга, Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч, ар тал эрхэлсэн дэд захирал, Батлан хамгаалах яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар тус тус ажилласан.  

Цэргийн аж үйлдвэрийн нэгдлийн дарга, хурандаа Б.Коля

“Эх сурвалжуудын мэдээллээр Батлан хамгаалах яамны тус яамтай хийсэн гэрээгээ шинэчлэхээр ирсэн гадаадын иргэдээс мөнгө нэхсэн гэнэ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт дээрх шалтгаанаар уулзсан гадаадын иргэдэд “...Гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгийг БНСУ дахь ийм дансанд хий. Эс тэгвээс гэрээг сунгахгүй” гээд Б.Бат-Эрдэнэ сайд ч үүнд хамаатай, мэдэж байгаа гэсэн зүйлийг хэлсэн байна. Харин ажил гүйцэтгэгч гадаадын иргэд энэ талаар АТГ-т гомдол мэдүүлжээ. Тиймээс АТГ-ынхан энэ сарын 18-нд Б.Коля хурандаагийн өрөө болон Батлан хамгаалах яаммны Санхүүгийн албаны өрөөг лацдаад шалгаж эхэлсэн байна”. Энэ  бол “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ын захирал, хурандаа Б.Колягийн талаархи цахим ертөнцөөр цацагдсан   хамгийн сүүлийн  үеийн мэдээлэл. Хурандаагийн   хувьд уг  албан тушаалд хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж буй. Өмнө нь Батлан хамгаалах яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, тус яамны харьяа Цэргийн дүрэмт хувцасны “Бөртэ” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан юм. Энэ эрхэм батлан хамгаалах салбарт гай ч тарьсан, гавьяа ч байгуулсан л байх.

Бор зүрхээрээ яваа  хурандаа

Цэргийн хувцасны “Бөртэ” үйлд­вэр бол Батлан хамгаалах сал­­ба­рын эдийн засгийн чадавхид хамгийн их үүрэг хүлээдэг аж ахуйн нэгж байх. Тиймдээ ч үе үеийн сайд, дарга нар тус үйлдвэрийн даргаар өөрийн итгэлт хүнээ тавьсаар ирсэн байдаг.    Шулуухан хэлэхэд, мөнгө олдог  хоёр газрын нэг нь гээд хэлчихэд буруудах зүйлгүй л болов уу.  Үйлдвэрийн даргаар гурван жил ажиллаад дараагийн албан тушаалд томилогдохдоо дандаа өсч дэвшсэн байдгаас харахад, хэн дуртай аавын хүүгийн сарвайгаад авдаг албан тушаал ч биш байж мэднэ. Өмнө нь даргаар ажиллаж байсан хурандаа нар “Бөртэ”-гөөс чамгүй хөрөнгөжсөн гэх яриа ч байдаг л юм билээ. Бэлэн мөнгөө халааслаад л материал сонгох нэрээр хилийн дээс алхдаг нь ч  бодит үнэн.  Харин хурандаа Б.Батбаатарыг армийхан “бор зүрхээрээ яваа хурандаа даа” хэмээн тодорхойлсон. Мэргэжил нь ч ар тал. Тэрбээр ЗХ-ний 310 дугаар ангийн захирагчаар ажиллаж байгаад Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын харьяа Үйлчилгээ, аж ахуйн нэгжийн  хэлтсийн даргаар ажиллаж байгаад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийн тушаалаар Цэргийн  хувцасны “ Бөртэ” үйлдвэрийн даргаар томилогджээ. Архангай аймгийн харьяат гэдгийг нь тодотгох нь зөв байх.  Зэвсэгт хүчинд сүүлийн үед Архангайн фракц бий болоод байгаа.   Нутгийн ах нарын нөмөр нөөлөг байж л таарна. Өмнөх дарга нарынхаа замаар цогиж одчихгүй л бол хүнийхээ хувьд эр хүн гэж л салбарынхан нь магтацгаасан юмдаг. Цаг хугацаа харуулах буй за.

Сайн хүү, нүнжигтэй хүргэнтэй дарга  

БХЯ-ны харьяа “Бага Баян” цэргийн амралтын даргын албан тушаалд хэд хэдэн хурандаа өрсөлдсөн боловч Сү-гийн фракцын өмнө гишгэх хурандаа тодорсонгүй. Энэхүү  албан тушаалд ГЕГ-ын дарга Б.Асралтын аав, УИХ-ын гишүүн Сү.Батболдын эхнэрийнх нь том ах, бэлтгэл  хурандаа Чимэдийн Батболд шинэ оны өмнөхөн  томилогдсон билээ. Энэ эрхмийг  амралтын газрын даргаар томилогдох үед “Зэвсэгт хүчинд тэтгэвэртээ гарсан хурандаагаас өөр хүн олдоогүй юм байх даа” гэх яриа гарч олон хүн тэрхүү сонгон шалгаруулалтыг эсэргүүцэж байсан гэдэг. Тэрбээр тэтгэвэртээ гарахаас өмнө БХЯ, ЗХЖШ-ын харьяа Үйлчилгээ аж ахуйн  газрын даргаар ажиллаж байсан юм.

“Алдар”-ын Өсөхөө аварга

Их спортод өөрийн зам мөртэй их аваргатай барьцалдах, хийж бүтээснийг нь үгүйсгэх хүн зэвсэгт хүчинд байтугай Монгол Улсад үгүй биз ээ. Энэ эрхмийн талаар мэдэхгүй хүн гэж үгүй болохоор түүний тухай өгүүлэх нь илүүц юм. Монгол Улсын хэмжээнд  төдийгүй олон улсад “ Алдар” нийгэмлэгийн   тамирчид алдар суугаа дуурсгасаар байгаа нь түүний их спортыг хөгжүүлэхийн төлөө оюун бодлоо дайчлан ажиллаж байгаагийн илрэл буй за. Чин үнэнийг хэлэхэд, эх орондоо адлагдах шахаад байгаа өвлийн спортод Г.Өсөхбаяр аварга, “Алдар” нийгэмлэг л санаа тавьж, бэлтгэл сургуулилт хийх нөхцлөөр хангаж  байгаа билээ.  

“Соёмбо” сонин хэний гарт очсон бэ

Их зохиолч Д.Нацагдорж, их бичгийн хүн Жадамбаа нар анх  1924 онд эрхлэн гаргасан Улаан-Од сонин  эдүгээ цагийн аясаар өөрчлөгдөн нэрээ хэдэнтээ сольсоны эцэст “Соембо” гэдэг дээр тогтож буй.  Эдүгээ 2000 гаруй уншигчтай, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилдаг тус сонинг нэг үе 200 уншигчтай болж, эдийн засгийн хувьд бие даах чадвартай болсон тэр үед тухайн үеийн ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц. Тогоо арга хэмжээ авч анхаарал хандуулсны буянаар хөл дээрээ баттай зогссон гэдэг. Харамсалтай нь саяхнаас Батлан хамгаалах яамны мэдэлд очоод буй.  Ерөнхий эрхлэгчээр нь Т.Батсайхан гэх залуу томилогджээ. Тэрбээр Япон улсад нийгмийн ухааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн нэгэн аж. Түүнийг БХИС-ийн сургалтын албаны дарга асан Т.Соронзонболдын дүү гэдгээр нь энэ салбарынхан анддаггүй юм билээ. Сайн ахын буянаар арлын оронд боловсол эзэмшсэн хэдий ч хэвлэл мэдээлэл гэдэг хэн дуртай нийгмийн ажилтны үзэгний үзүүрээр үйл ажиллагаа нь хэвийн явдаг  байгууллага биш гэдгийг Бат-Эрдэнэ сайд мөд мэдрэх  биз ээ.

Хэвлэлийнхний сайн нөхөр Л.Гантөмөр

Хурандаа Л.Гантөмөрийг армийн­хан байтугай хэвлэлийнхэн андахгүй. Нэгэн цагт ЗХЖШ-ын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тэрбээр хаалттай ертөнцийг ил болгосон гэж хэлж болно. Түүнд аль нэг анги нэгтгэлийн үйл ажиллагаатай танилцах хүсэлт тавихад тэр дор нь шийдэрлүүлж өгдөг,  сэтгүүлчдийн ажил хөдөлмөрийг ойлгодог, хамтран ажиллахад түвэггүй хүн “Дуулга” студийн захирлаар томилогдон очсонд олон сэтгүүлч алга ташиж буй за. Хурандаа уг нь улстөрийн ажилтан. Цэргийн нэгдсэн дээд сургуулийг 1987 онд энэ мэргэжлээр дүүргэжээ. ЗХ-ний 150 дугаар ангийн захирагчийн орлогчоор ажиллаж байгаад Цэргийн музейн захирлаар томилогдон ажилласан. Музейн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, олон түмний хүртээл болгох тухайд багагүй зүйлийг хийсэн гэдгээр нь эдүгээ хамт олон нь үгүйлдэг  юм билээ. Онцгой байдлын ерөнхий газарт ажилласан богино хугацаанд тус байгууллагыг өөрийн гэсэн музейтэй болгосон гавьяатай нэгэн.

Мэргэжлийн бус чуулгын дарга

Мэргэжлийн бус хүн нарийн мэргэжил бүхий байгууллагыг удирдах нь ямар хор хөнөөл учруулдгийг монголчууд сүүлийн 20 гаруй жил бие сэтгэлээрээ мэдэрч буй. МАН ч энэ алдааг давтсаар байгаагийн бодит жишээ нь Цэргийн дуу бүжгийн чуулгын дарга, хурандаа Г.Золзаяа юм. Тэрбээр урлаг соёлын “А”–гүй нэгэн. ЦНДС-ийн улс төрийн ангийг дүүргэсэн. Гэхдээ сүүхээтэй эр. Хэний ч хөлд сууж чадна, аль ч намд тал алдахгүй дагаж чаддаг хурандаа.  Лу.Болдыг сайдаар ажиллаж байх үед “Ардчилд үнэнч” гээд гүйж явснаа Цолмонг сайдаар  томилогдонгуут “Би МАХН-д элэгтэй” хэмээн харайлгаж явсан байдаг. Цагтаа архитай тун чиг дотно нөхөрлөж явсан тэрбээр музейн дарга болмоцоо сураггүй мартаж чадсан сайн талтай. Түүний хэн болохыг сайн мэдэх чуулгын хамт олон эдүгээ  ирээдүйдээ санаа зовнин нойргүй хоноцгоож байгаа гэнэ лээ. Дундговийнхон дуу хуурт сайн болохоор чуулгыг хэнээс ч илүү сайн авч явж байж ч мэдэх юм. Хүлээж суух л үлдлээ.

Цэргүүд нь мартдаггүй дарга  

Батлан хамгаалах яамны Архивын газрын даргаар томилогдсон Зулын  Эрдэнэбат хурандаа Монгол Улсын шадар сайдын нөмөр нөөлөгт явдаг хүмүүсийн нэг. Бас сайд асан Сономпилын анх гаргаж ирсэн хүн нь. Тэрбээр  цагтаа  шадар сайдын ротын дарга нь явсан юм бол сайд асан Сономпилийг дээд сургууль төгсөн ЗХ-ний 150 дугаар ангид томилогдон очиход салаан захирагч байсан юм  гэнэ лээ. Сономпил сайд ажлаа хүлээж авсан даруйд З.Эрдэнэбатыг Таван толгой дахь “Цэрэг” жуулчны баазын даргаар томилсон байдаг. Монгол хүний ёс жудаг сайхан  ч юм уу.  Хэн нэгийг  халамжилж, ажил амьдралд нь дэм болж явахыг үүргээ юм шиг санадаг нь.  

Албан тушаалаар шагнуулсан  хурандаа

Цэргийн музейн дарга, хурандаа З.Баярмагнай бас л ЦНДС-ийн улс төрийн ангийг дүүргэсэн нэгэн. Эдүгээ тэдний эрин үе ирж байгаа бололтой. Б.Бат-Эрдэнэ сайдын хийсэн томилгооны ихэнхийг улс төрийн ажилтнууд  авав. Хурандаа З.Баярмагнайн хувьд яамныхаа Хяналт шалгалт, үнэлгээний газрын даргаар ажиллаж байсан болохоор музейн сан хөмрөгт хамгийн оновчтой үнэлгээг хийж, өөд татах  нь гарцаагүй. Эзэмшилт газар нь жилээс  жилд хумигдсаар байгаа музейг авран хамгаалах үүрэг түүнд ногдож буйг эрхэм хурандаа мэдэрч суугаа биз ээ.  

Дэлхий мэдэх  хошууч генерал

Монгол Улсын Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнийх нь ур чадварыг дэлхий үнэлсээр байгаагийн цаана хувь хүний боловсрол, мэдлэг, ур чадвар оршдог билээ. Эл тодорхойлолтыг хүртэх эрхтэй цөөн хүний нэг нь БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц. Манай цэнхэр дуулгатнууд олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох бүхий л үндэс суурийг энэ эрхэм тавьсан хэмээн цэнхэр дуулгатнууд төдийгүй  зэвсэгт хүчнийхэн үнэлдэг юм билээ. Я.Чойжамц гэх автор   энхийг сахиулах ажиллагаатай холбоотой олон зүйлд анхдагч гэдгээр үлдэх учиртай. Энхийг сахиулагчтай холбоотой хуулийн төсөл боловсруулахад хуулийн санаа, чиглэл, бодлого зорилтыг түүнийг  тодорхойлж өгсөн гэх юм билээ. Засгийн газар, Гадаад харилцааны яамны ажлын хэсэгт багтаж, энхийг сахиулагчдыг бэлтгэх ажилд биечлэн оролцсон төдийгүй анхны багийг  олон улсад илгээх ажлыг зохион байгуулсан гээд олон зүйлийг өгүүлж болно.  Бас Монгол Улс НҮБ-ын мандат дор үүрэг гүйцэтгэхэд ч энэ хүний оруулсан хувь нэмэр их.  Англи хэлний мэдлэг, боловсролын тухайд Монголын зэвсэгт хүчинд эдүгээ хүчин зүтгэж буй албан хаагчдаас түүний өмнө гишгэх хүн бараг л үгүй болов уу. Түүний  хэн болохыг таньж, дэргэдээ шадарлуулж, ирээдүйн генералыг бэлтгэсэн хүн нь  дэслэгч генерал Л.Моломжамц.  Цэргийн нэгдсэн дээд сургуулийн ерөнхий цэргийн командлалын ангийг дүүргэсэн тэрбээр эдүгээ төрөлх сургуулийнхаа захирлаар ажиллаж буй нь хувь заяаны ховор тохиол болов уу.  Дашрамд өгүүлэхэд, АНУ-ын Үндэсний Батлан хамгаалах их сургуулийг 2007 онд   манай улсаас ганцхан хүн төгссөн нь хошууч генерал Я.Чойжамц юм билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.