Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход хоёрхон сарын хугацаа үлдээд байна. Улс төрийн нам, улстөрчид дээр, дооргүй л хороо найруулж, Ерөнхийлөгч болох мөрөөдлөөр цалгисаар яваа.
Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу нэр дэвшигчдийг тодруулах хугацаа 10 хоногийн дараа буюу тавдугаар сарын 02-ноос эхэлнэ. Тиймээс УИХ-д суудалтай намууд ирэх сарын 06 -ны дотор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулж, зарлах ёстой юм.
АН-ын хувьд энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ нийт гишүүдээсээ асууж нэг хүнийг тодруулна хэмээн С.Эрдэнэ дарга мэдэгдсэн. Үүнийгээ ч нэр дэвшигчидтэй өнгөрөгч баасан гарагт уулзах үедээ хэлсэн юм билээ.. Улмаар тухайн хүнээ Их хурлаараа баталгаажуулна. Гэхдээ хэт ардчилалтай АН-ын гишүүд нь аль хэдийн дор бүрнээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаагаа зарлаж, дэгэж дэрвэлзэж, зарим нь бүүр мөрийн хөтөлбөр хүртэл боловсруулчихаад давхиж явна.
Уг нь хүчин төгөлдөр үйлчилж буй Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч албан ёсоор тодорсноос хойш, хуульд заасан хугацаанд мөрийн хөтөлбөрөө зарлах учиртай гэнэ. Гэтэл АН-ын улстөрчид “Хэрвээ би Ерөнхийлөгч болвол ийм ажил хийж, ингэж өөрчилнө” хэмээн ярьцгааж байгаа ажиглагчид гайхаж байна. Тухайлбал, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав ойрын үед хэрвээ би Ерөнхийлөгч болчихвол Ерөнхийлөгчийн засаглалтай болгоно.
Улс орноо өрнөөс салгаж, бодлогын шинэчлэл хийнэ. Эрс өөрчлөлтийн төлөө энэ биеэ 27 жил бэлтгэлээ хэмээн ярих болов. Өнгөц харахад санал дэвшүүлж байгаа юм шиг харагдавч угтаа энэ бол мөрийн хөтөлбөрийн амлалт. Тиймээс хууль зөрчиж байгаа үйлдэл гэж хэлэхэд буруудахгүй. Мөн нэр дэвшихээр санаархагч Н.Алтанхуяг нар ч энэ мэт мөрөөдлийн мөрийн хөтөлбөрөө ярьж явах юм. Монголоо өөрчилнө, энэ улс орон Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой л гэнэ.
Хатуухан хэлэхэд, энэ мэт тооцоо судалгаагүй зүйл ярьж хийрхэж яваа хүмүүс төрд гарч суучихаад юу хийх бол гэж болгоомжилмоор. Ардчилсан намаас нэр дэвших мандат авахын тулд өнөөх л хуучин зангаараа фракци, фракцийн төлөөлөл нэр дэвшлээ.
Дахиад л намын жирийн гишүүдээ фракци болгож хуваачихаад дайтаж гарах нь тодорхой байна. Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар АПУ-ийн босс нэрээ татахаар болсон дуулдана. Нам дотроо МоАН фракцийг байгуулсан Г.Батхүү нэрээ татаж, МоАН, Нэг ардчиллынхан Лу.Болдыг дэмжихээр болсон гэх бор шувуу нисч буй юм. Энэ мэтээр сунгаа тойрсон үйл явдал эрчимтэй өрнөх нь ээ. АН-д юм юм л болж байна даа.
Б.Тогтох