Ч.Гансүхийг ямар ч хэрэг хийгээгүй гэх вий дээ
2014 оны 2 сарын 19
Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн даваа гарагт цагдан хорих 461 дүгээр ангид эхэлсэн ч шүүхийн тогтоол хараахан гараагүйн улмаас шүүх хурал өчигдөр дахин үргэлжилсэн. Уг шүүх хурал өчигдөр орой 20.00 цагт дугаар шилжих мөчид ч үргэлжилсээр байсан юм.

Өмнө нь шүүгдэгчдийн зарим өмгөөлөгч шүүх хуралд ирээгүй тул тэдний зүгээс хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан. Энэхүү хүсэлтийн дагуу шүүх хурлыг энэ сарын 17 буюу өнгөрсөн даваа гараг  хүртэл хойшлуулаад байсан юм. Уг хэрэгт Үндэсний татварын ерөнхий газрын хэлтсийн дарга нар, байцаагчид болон Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн дарга тэргүүтэй шинжээч нарын 13 хүн шүүгдэгчээр оролцож байгаа.

АТГ-аас мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн прокурорын газарт хянасан энэхүү хавтаст хэрэгт Ч.Гансүх нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, татварын улсын байцаагч нарын дүгнэлтийг хүчингүй болгуулж, улсын төсөвт төвлөрүүлэх ёстой онц их хэмжээний буюу таван тэрбум 147 сая төгрөгийн татварыг төвлөрүүлээгүй, тэрбум 519 сая төгрөгийн эд хөрөнгийг хууль бусаар олж авсан, хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзээд байгаа. Одоогийн байдлаар ТЕГ-ын  Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын нэрийн дансанд 16 тэрбум төрөг байршуулсан гэх хэргийг АТГ-аас тусгаарлан шалгаж эхлээд байгаа.

“Таван тэрбумын  нууц амраг”

Ч.Гансүх нарын хэргийг эргэн са­нуу­лахад Татварын ерөнхий газрын Хя­налт шалгалтын хэлтсийн дар­гаар ажиллаж байсан түүнийг, Төс­вийн орлого хураалтын тасгийн дар­га Ч.Энх­бат, ҮТЕГ-ын байцаагч О.Бямба­сүрэн, Ч.Гансүхийн эгч Ч.Даваа­сүрэн, бага хүү Г.Ганзул нарыг өн­гөр­сөн оны хоёрдугаар сараас эхлэн АТГ-аас саатуулан шалгаж бай­гаа. Тэдэнд холбогдох хэргийг өм­нө нь нотлох баримт хангалтгүй гэ­сэн үндэслэлээр нэмэлт мөрдөн бай­цаал­тад буцааж байсан юм.

Харин АТГ-ын шал­гаж тогтоосноор Ч.Гансүхийн бага хүү Г.Ганзулын дансан дахь 17 тэр­бум, түүний нууц амраг гэх бай­цаагч О.Бямбасүрэнгийн дансанд шил­жүүл­сэн таван тэрбум төгрөг, Төсвийн орлогын хяналтын хэлтсийн Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн дарга Н.Энхбатын эхнэр Охиноогийн дансанд дөрвөн сая ам.доллар, Ч.Гансүхийн төрсөн эгч, дүүгийнх нь дансанд төвлөрүүлсэн мөнгө зэрэг багтаж байгаа.

Тэгвэл байцаагч О.Бямбасүрэн рүү тэрбумаар нь мөнгө шилжүүлэх болсон шалтгаан нь Ч.Гансүх байцаагч бүсгүйтэй дотно харилцаатай байсан бөгөөд энэ талаар ТЕГ-ын ажилтнууд ч бүгдээрээ мэддэг байсан гэдэг нь нийтэд ил болсон. Бүр байцаагч бүсгүй Ч.Гансүхээс болж судсаа ханаж амиа хорлохыг завдсан байснаар барахгүй түүний хүүхдийг гаргасан нэгэн гэлцэж буй. Тиймээс ч тэрбээр гар татахгүй нууц амрагийн данс руугаа мөнгө шилжүүлдэг байсан бололтой.

Ч.Гансүхийг шалгах болсон шалтгаан

Анх Ч.Гансүхийг шалгах болсон шалтгаан нь түүнд авлига өгөхөөс татгалзсан нэгэн компани АТГ-т ханд­санаар энэхүү хэргийн эхлэл та­вигдсан юм. Тодруулбал, Ч.Гансүх ТЕГ-т 12 жил Хяналт шалгалтын хэлт­сийн даргын албыг хашихдаа аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалт оруулж, торгууль тавих замаар дарамт­лан авлига авдаг байсан аж.

Гэтэл түүнд мөнгө төлөхөөс тат­галз­сан нэгэн компани АТГ-т гомдол гаргаснаар Ч.Гансүхийн олон тэрбумын хэрэг олон нийтэд ил болсон. Тэрбээр өөртөө дэндүү хайртай нэгэн гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь Ч.Гансүх өөрийнхөө нэрээр огт данс нээлгэдэггүй, гэр бүл, төрөл төрөгс­дийн­хөө нэр дээр данс нээж, завшсан их хэмжээний мөнгөө байр­шуулж байсан нь шалгалтын явцад тог­тоогд­сон байна. Энэ мэт Мөрдөн бай­цаал­тын явцад зарим мөнгөний асуу­дал нь нотлогдсон.

Гэтэл энэхүү хэрэг өнөөг хүртэл тодорхой шийдэлд хүрч чадахгүй байгаад олон нийт янз бүрээр таамаг дэвшүүлэн хардсаар бай­на. Татвар төлөгчдийн мөнгөөр тан­саг­лаж, төрөл төрөгсөд, нууц амраг­таа тэрбумаар нь бэлэглэчихсэн нөх­рийн өмгөөлөгчийн хэлж байгаа шиг “Ч.Гансүх нь ямар ч хэрэг хий­гээ­­гүй л байна. Гэмгүй хүнийг цагдан хорьж, нийгэмд шуугиан тарьжээ” гэсэн шийдвэр шүүхээс гарч олныг гайхш­руулах вий дээ. Арай үгүй байлгүй дээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Ж.Отгонмягмар
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй