Мал тооллогын урьдчилсан дүн гарлаа
2014 оны 1 сарын 2
Мал тооллогын урьдчилсан дүн гарчээ. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2013 оны эцэст манай улсын мал сүргийн тоо 45075.7 мянган толгойд хүрсэн аж. Харин 2012 оныхоос 10.2 хувь буюу 4154.8 мянгаар өссөн юм байна. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 2616.2, үхэр  2905.3, тэмээ 321.0, хонь 20036.6, ямаа 19196.7 мянгад хүрчээ.

Түүнчлэн 2012 оныхоос адуу 285.8, үхэр 320.7, тэмээ 15.2, хонь 1895.2 , ямаа 1638.0 мянган толгойгоор өссөн үзүүлэлтэй гарсан аж. Нийт мал сүргийн дотор адуу 5.8, үхэр 6.4, тэмээ 0.7, хонь 44.5, ямаа 42.6 хувийг эзэлж байгаа юм. Өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.3 пунктээр буурч, адуу, үхэр, хониных тус бүр 0.1 пунктээр өсч, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт ороогүй байна. 

Урьдчилсан дүнгээр малын тоо Орхон аймагт 5.6 мянган толгойгоор буурч, бусад аймагт 7.5-510.7  мянган толгойгоор өсчээ. Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Төв, Говь-Алтай, Дундговь, Хэнтий, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Увс, Дорноговь, Баян-Өлгий, Булган аймгуудад  малын тоо  хамгийн олон буюу 171.9-510.7 мянгаар өссөн аж. Түүнчлэн Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Говьсүмбэр зэрэг 12 аймаг малаа таван төрөл дээр нь өсгөжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Яруу
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй