Статистикийн хороог татан буулгах уу
2013 оны 9 сарын 18
“Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана
Алхаж яваа хүмүүс хоосонгүй үзэгдэнэ
Алив, Статистикийн газар чи цааш нь дамжуул
Бүх юм хэвийн, бүтэж байна, болж байна
Бичээрэй, “битгий давар” гэж бичээрэй...” 

Засгийн газраас цалингийн дун­даж хэмжээг нэмэгдүүлсний дараа Монголын Үндэсний ста­тис­­тикийн хороо “Улсын хэм­жээнд цалингийн дундаж хэмжээ 900 000 төгрөг болсон” гэж мэ­дэг­дэв. Ядарсан ард түмэнд энэ нь доромжлол шиг санагдлаа. Мон­гол хүн өнөөдөр амьдрах гэж зовж байна. Гэтэл эдийн за­саг нийгмийн байдлыг хамгийн бо­дитой, үнэн шударгаар гаргаж, эрх баригчид болон олон нийтийг мэдээллээр хангаж байх үүрэгтэй Үндэсний статистикийн газар эрх баригчдын ард түмэнд барьдаг “ташуур” болоод хувирчихаж.

МҮЭХ, АОЭН, Засгийн газар Нийг­мийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн дагуу  энэ са­рын 12-ноос эхлэн цалингийн доод хэмжээг 192 000 төгрөг болгож нэ­мэгдүүлсэн билээ. Гэтэл нэ­мэг­дэл цалин иргэдийн гар дээр очоогүй байхад шууд “Монгол Ул­сын хэмжээнд цалингийн доод хэмжээ 900 000 төгрөг бол­сон” гэж зарладаг нь юуны учир вэ. Өнөөдөр есдүгээр сар дуу­саагүй, төр, хувийн хэвшлийн бай­гуул­ла­гууд цалингийн доод хэм­жээг нэ­мэгдүүлсэн эсэхийг хэн ч хэлж чадахгүй. Хууль мөрдөгдөж бай­гааг тогтоох цаг хугацааны боломж бүрдээгүй байна. Үнэндээ хэн нэгэн дарга, эсвэл Засгийн газар ийм мэдэгдэл хийсэн бол зөвтгөж болно. “Тэдээр нэмээд, тийм болох нь” гэж тооцоолоод ярьж байгаа хэрэг. Гэтэл цалин­гийн нэмэгдэл иргэдийн гар дээр очиж амжаагүй байхад Үндэсний ста­­тистикийн хороо яагаад ин­гэж зарладаг билээ. Тэгвэл да­раа са­раас цалингийн доод хэмжээ­ний 30 хувийн нэмэгдэл иргэдийн гар дээр орж ирэхээр 900 000-аасаа нэ­мэгдэх хэрэг үү. 

Статистикийн хорооны мэ­дэгд­лийн дараа МҮЭХ-ны Ерөн­хий­лөгч Х.Амгаланбаатар хэвлэлд ярилц­лага өгч, “Өнөөдөр манай тө­рийн албан хаагчдын дундаж ца­лин 500-600 мянган төгрөг байна. Энэ хэмжээгээр дундажлаад үз­вэл дундаж цалин 598 мянган төг­рөг байгаа юм. Энэ нь сарын өм­нө улсын хэмжээнд байсан ца­лин­гийн дундаж хэмжээ. Гэтэл гэ­нэт яагаад цалингийн дундаж хэм­жээг 900 мянган төгрөг гэж Үндэсний статистикийн хо­роо­ноос зарлав. Сүүлийн нэг са­рын дотор огцом нэмэгдсэн нь ямар учиртай юм” хэмээн гайх­жээ. Гайхаад зогсохгүй “Энэ та­лаарх дэлгэрэнгүй мэдээллийг ста­тис­тикийн хорооноос асууж тод­руул­на гэж бодож байгаа” гэж бу­химдсан байна. Аргагүй шүү дээ. 21 аймаг гурван хотоор үйлээ үзэж яваад хийж ирсэн судалгааных нь үр дүнг Статистикийн газар үгүйсгэчихээр чинь бухимдахгүй яах юм бэ. Тэд чинь энэ су­дал­гаагаа л барьж Засгийн газартай хэ­лэл­цээр хийнэ шүү дээ. Гэтэл өөдөөс нь “Статистикийн газар 900 000 гэсээн, та нар битгий худлаа ярь” гэж хэлэх нөхцлөө Зас­гийн газар хийгээд авлаа. Энэ чинь л Засгийн газар ард түмэн­дээ “Та нар битгий давар” гэж хэлж байгаа хэрэг. 

Үнэндээ Статистикийн газар үр­гэлж эрх баригчдын талд бай­сан. Сонгуулийн жил эдийн за­саг өсч, иргэдийн амьжиргаа дээ­шил­дэг жишиг тогтоод удлаа. Ямар ч Засгийн газар сонгуульд яла­хын тулд сайн сайхан амлал­туудыг өгдөг. Жишээлбэл,  “Эрх ба­рих хугацаандаа буюу ирэх 4 жилийн дотор цалинг төдөн төг­рөг болгоно” гэх мэт. Өмнөх Зас­гийн газар л лав цалингийн дун­даж хэмжээг 1.2 сая төгрөгт хүр­гэнэ гэж амалж байсан юм даг. Ингээд дараагийн сон­гууль бол­тол дөрвөн жилд статис­ти­кийн газрыг ашиглан амлалтаа биелүүлдэг болов уу гэсэн хар ч төр­­нө. Энэ үнэн бол дараа жил ца­лингийн дундаж хэмжээ сая болж, тэрний дараа жил сая нэг зуун мянга гэх мэтээр өссөөр Ардчилсан нам амлалтаа бүрэн биелүүлэх юм байна л даа. Ин­гээд бичихээр Статистикийн газ­рынхан “Судалгааг ийм тийм ар­гаар ингэж тэгж хийдэг” гээд баа­хан онол ярих биз. Гэхдээ ард түмэнд онол биш үнэн бодит мэ­дээлэл л хэрэгтэй байна. 

Статистикийн мэдээлэл бага зэ­рэг хуудуутай гарч болно оо. Хэ­рэг­лэсэн аргынхаа оновчоос шалт­гаалаад. Гэхдээ энэ удаа­гийнх арай дэндлээ. Худал мэ­дээ­лэл цацаж тархи угаах нь Үн­дэсний статистикийн газрын үнд­сэн ажил болох шахсан байна. 

Энгийн хүн тэр бүр ойлгох бо­ломжгүй “улс орны хөгжил”, “эдийн засгийн” талаар ийм өөд­рөг, худлаа мэдээлэл иргэдийн сэт­гэл санааг өргөдөг байж болох ч цалингийн дундаж хэмжээ гэх мэт, иргэн Дорж, Дондогийн алинд ч тодорхой асуудлаар худ­лаа суртал ухуулга явуулах нь ний­гэмд сөрөг үр дагавар авчрах аюул­тай. “Хэн тийм их цалин авч байгаа юм” гэсэн бодол ажилгүй нөх­дөд төрнө биз дээ.

Миний мэдэхээр, хувийн хэвш­лийн­хэн төрийн албан хаагчдын 630 мянган төгрөгийн цалинг 900 000 болгож өөд нь татахаар тийм өндөр цалин авдаггүй. Хувийн хэвшилд ажиллагсдын тоо тө­рийн албан хаагчдын тооноос гу­­рав дахин олон байсан ч ийм байж чадахгүй. Дээр нь нийт хө­дөлмөрчдийн 8 хувь нь хө­дөл­мө­рийн хөлсний доод хэм­жээ­­гээр ца­линждаг гэж байгаа. Ам ажил нь зөрсөн албан ту­шаалтныг аж­лаас нь хусах нь зүйд нийцнэ. Тэг­вэл бүхэл бүтэн агент­лаг барим та­вим худал мэдээлэл гар­гаж, ард олныг төөрөгдүүлээд бай­вал яах вэ. Татан буулгаж л таар­на биз дээ, та минь.
Эх сурвалж: www.mminfo.mn
Х.Батсайхан
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй