Хэн юу хэлэв
2013 оны 8 сарын 16
О.Чулуунбат: Засгийн газар хэтэрхий жижиг зүйлээр оролддог

Өнгөрөгч долоо хоног улс ор­ны эдийн засагт таагүй болсон мэ­дээллээр эрх баригч болон  сөрөг хүч­ний намын гишүүд хоорондоо мар­галдаж, бурууг хэнээс хайх, ямар шалтгаанаас ийм нөхцөл бай­дал үүссэн талаарх асуудалд ан­хаарал хандууллаа.

Тиймээс ний­гэм, улс төрийн амьдралд өн­гөр­сөн онцлох содон үйл явдал, до­лоо хоногт хэн гэгч эрхэм ямар асуудлаар олны чихийг сор­тойлгосон мэдээлэл хийснийг тойм­лон хүргэдэг “Долоо хоно­гийн топ мэдэгдэл”-ийнхээ эхэнд Эдийн засаг, хөгжлийн яам­ны дэд сайд О.Чулуунбатын “Зас­гийн га­зар улам доошоо ороод байна” гэх мэдэгдлийг онцолж байна.

Тэр­бээр, Чингис бондын үр ашиг их бай­гаа ч ажил нь урагш ахихдаа муу байгаа талаар онцлон ярьжээ. Мөн өнөөдөр үүсээд байгаа эдийн зас­гийн таа­гүй уур амьсгалын дан ганц одоо­гийн засгийн газар, ши­нэ­­хэн яам болох Эдийн засаг хөгж­­­лийн яамны буруу мэтээр ойл­­гож байгаа нь буруу гэдгийг тайл­­барлаж, Засгийн газар ямар за­маар ажиллаж байгааг товч то­дор­хой хэлсэн нь улстөрчид, эдийн засагчдын анхаарлыг ба­гагүй тат­сан юм.

Дэд сайд хэлэхдээ, “Манай эдийн засагт сүүлийн 20 жил ажиг­­лагдсан нэг дутагдал бол Зас­­гийн газар хэтэрхий микро төв­шинд, жижиглэнгийн асуудалд орол­цоод, доошоо орно гэдэг шиг л юм болоод байгаа юм. Засгийн газар бол макро төвшний бодлого стратегийг тодорхойлдог, микро төвшинд ажиллах хүмүүсийн таа­тай орчинг бүрдүүлэх, зохи­цуу­лах үүрэг­тэй.

Гэтэл манай Зас­гийн газар нүүрс ухаж, тээвэр­лэлт хийж байна. Гадаадын хө­­рөнгө оруулалт аль эртнээс л буур­сан. Манайд га­даа­дын хө­рөнгө оруулалт нь ганц­хан уул уурхайн салбарт л хийг­дэж бай­сан. Барилга, ноос, ноо­луур, мах сүү, хөдөө аж ахуй, хөнгөн аж үйлд­вэрийн салбарт гадаадын хө­рөнгө оруулалт байх­гүй шахуу.

Гэтэл бид уул уур­хайн орчноо жил ирэх тусам л муутгасаар ирлээ. Үүнийгээ л эргэж харахгүй бол бо­лохгүй нь ээ гэд­гийг гадаадын хө­­рөнгө оруу­лагчид хэлээд дий­лэх­гүй бүр залхаад гараад явчих­лаа шүү дээ” хэмээгээд энэ бүх шалт­гаан эдийн засгийн таагүй нөх­цөл байд­лыг бий болгоход нө­л­өөлсөн гэд­гийг ч тэрбээр хэл­лээ.

Т.Аюурсайхан: АН-ынхан шинэчлэлийн бус “шимэгчдийн” нам

Өнгөрсөн зун, намрын халуун сэдэв бол МАН-ын залуусын бай­гуулсан Шинэчлэлийн хороо. Тэд намаа шинэчлэхийн тулд олон ч шат дамжлага бүхий ажил хийж байгаа бөгөөд үүнийх нь нэг болох “Намаа аваръя, Төрөө эрүүлжүүлж, нийгмээ хөгжүүлье” сэ­дэвт улс төрийн илтгэл тавьсан нь өнгөрч буй долоо хоногийн улс төрийн амьдралд өрнөсөн онцлох содон үйл явдал байсан юм.

Тус хуралд нэлээд онцлог илтгэл тавьсан хүн бол Бага хурлын ги­шүүн Т.Аюурсайхан. МАН ард түм­ний өмнө нэр хүндээ барж, гутаан доромжлогдож байгаа хатуу үнэнийг илтгэлдээ тусгаж, энэ бүхнээс гарах гарц, нэр хүндээ эргэн олж авах цор ганц зам бол шинэчлэгдэж, олигархи бүлгийнхнээс салах явдал гэдгийг зоригтойгоор хэлж чадсан нь улс төр судлаачид болон нүдэн балай, чихэн дүлий байгаа намын удирдлагуудын сэтгэлд нэгийг бодогдуулж чадсан гэж хэлж болно.

Т.Аюурсайхан илтгэлдээ “...Тэд ард олны амьдралыг мэддэггүй, тэдний зовлон бэрх­шээл, ахуйн шаардлагыг мэ­дэр­дэггүй учраас гаргаж буй бод­лого шийдвэрүүд нь иргэдэд хүрдэггүйгээр барахгүй, тэдний жигшлийг төрүүлж, доог тохуу болдог боллоо. Намын нийт гишүүд УИХ дахь намын бүлгийн гишүүд, түүний дотор нэн ялангуяа жагсаалтаар сонгогдсон гишүүдээс шийдэмгий алхмууд, ширүүн тэмцэл хүлээж байна.

Гэвч намын гишүүдийн итгэл улам замхарч, эцэс сүүлдээ на­мын бүлгийн цөөн гишүүдийн хүзүү­нээс оосорлогдож, барьцаа­лагд­сан нам мэтээр нийгэмд хараг­даж, биднээс их зүйл хү­лээх шаардлагагүй болсныг тун­хаглаж байгааг бодууштай” хэмээсэн юм. Мөн ганцхан Ар­дын нам шинэчлэгдэх бус шинэч­лэлийн гэх нэрийг өөртөө өгсөн “шимэгчдийн” нам болсон АН-ынхан ч адилхан шинэчлэгдэх ёстойг илтгэлдээ дурьджээ.

Б.Гарамгайбаатар: Ажлаа хийж чадахгүй бол зайгаа тавиад өг

Шинэчлэлийн Засгийн газ­рын ажлыг үнэлэх нэг шалгуур нь замын ажил яахын аргагүй мөн. 2013 онд зургаан аймгийг ха­туу хучилттай замаар нийс­лэлтэй холбох, шинэ нисэх он­­гоц­­ны буудал, төмөр замын аж­­­луу­дыг хийж эхлээд байна. Төлөвлөгөөнийх нь дагуу 2016 он гэхэд бүх аймгийг Улаанбаатар хоттой холбож, шинэ нисэх он­гоцны буудал, шинэ төмөр за­муу­дыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Гэтэл сайны ха­жуугаар саар гэгчээр энэ ажлыг хийхээр авсан замын компаниуд халтуурны зам тавих, ажлаа өөр компанитай хувааж хийх мэтээр итгэл алдах болсон билээ. Энэ бүхэнд Ерөнхий сайд ганцхан хариулт өгдөг. Тэр нь “Ажлаа хийж чадахгүй бол зайгаа тавиад өг, өөр хүмүүс олон байна” гэх хариулт.

Тэгэхдээ ажил хийж, бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа тэднийг энэ мэт дарамтлахаасаа өмнө ажиллах орчин, нөхцлийг нь бүрдүүлж өгөхгүй бол хэтэрхий ингэж аж ахуйн нэгжийг дарамталж болохгүй биз. Гэсэн ч Засгийн газрыг зоригтойхон шүүмжлээд, алдаа оноог нь хэлчих хүн сөрөг хүчнийхнээс өөр байхгүй байдаг. Харин ажлаа хийж ча­дах­гүй Засгийн газар огцор хэ­мээн Эдийн засгийн байнгын хо­роо­ны дарга  Б.Гарамгайбаатар мэдэгд­сэн анхаарал татаж чадлаа.

Тэр­бээр, замын ажил хийж байгаа аж ахуйн нэгжүүдээ өмөөрч, урагш­гүй ноёдууд алдаагаа бусдад нял­зааж байгаа шүүмжилсэн юм. Б.Гарамгайбаатар гишүүн “Зас­гийн газар болон харьяа яам ажлаа хийж чадахгүйгээ бус­дад тохож байна. Харин ч эсрэ­гээ­рээ ажлаа хийж чадахгүй бол зай­гаа тавьж өгөх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдийг буруутгах үндэс байхгүй.

Тэд бүтээн бай­гуу­лалтын ажил хийж байгаа. Ажил хийх нөхцлийг нь хангаж өгөхгүй юм бол Засгийн газар огцрох хэрэгтэй” хэмээжээ.

Ц.Ганзориг: Оюутолгой компаниа 1700 ажилтнаа халаагүй
 
“Оюутолгойн” ХХК-ийн Тө­лөөлөн удирдах зөвлөл далд уур­хайг хаах шийдвэр гаргаж, тэнд ажиллаж байсан 1700 ажилтнаа халсан гэх мэдээлэл өнгөрөгч долоо хоногт цацагдаж, олны анхаарал энэ компанийн зүгт чиглээд байгаа. Харин энэ мэдээллийг тус компанийнхан зүгээс үгүйсгэж байгаа бөгөөд ажилчдаа халаагүй гэх мэдэгдэл хийжээ.

Тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Оюутолгой 1700 ажилтныг халлаа гэх мэдээлэл гарсан байна. Энэ бол худлаа мэдээлэл юм. Бид энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлж байгаа. Уг төлөвлөгөөнд халагдах ажилтан мэргэжилтнүүдийг өөр ажилд оруулах талаар багт­сан бай­гаа.

Тийм учраас ажилт­нуу­дыг боломжоор нь өөр ажилд томи­лох болно. Өөрөөр хэлбэл, Оюутолгой 1700 ажилтнаа халах­гүй. Одоохондоо нэг ч хүнд халаг­дах тушаал гаргаагүй” хэмээн ал­бан ёсоор мэдэгджээ. Гэхдээ то­дорхой хэмжээний ажилчид ха­­лагдах болно гэдгийг тэд үгүйс­гэх­гүй байгаа бололтой.

Б.Өнөртогтох
Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй