Өрөвдмөөр Монгол
Жижиг зүйлээс том зүйл эхэлдэг нь ёс.  Өнгөрсөн жилийн наймдугаар сарын үеэс жолооны үнэмлэх хэвлэгдэх ажил гацаанд орсоноос хойш өнөөдрийг хүртэл “бөглөөс” нь гарахгүй байсаар байна.  2012 оны наймдугаар сарын 20-ноос эхлээд аравдугаар сар хүртэл 10 гаруй мянган иргэнд түр үнэмлэх өгч аргацаасан.

Түүнээс хойш өнөөдрийг хүртэл түр үнэмлэх гээч тамгатай цагаан цаасыг үзүүлж, замын хөдөлгөөнд оролцогчид Монголоор дүүрэв. Энэ хугацаанд жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй биш хэвлэгдсэн. Гэхдээ л асуудал одоо болтол шийдэгдэхгүй хэвээрээ л байна.
Аль өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд Замын цагдаагийн газраас ирэх долоо хоногт үйл ажиллагаа хэвийн болж, жолооны үнэмлэхийг хэвлэнэ гэж хэлж байсан ч бүхэл бүтэн нэг  сар өнгөрч байхад бахь байдаг хэвээрээ л байна. Хоёр долоо хоногийн өмнө  асуухад бас л ирэх долоо хоногоос хэвлэгдэж магадгүй юм ярьж байсан.  Гэтэл бас л худлаа болж таарав. Жолооны үнэмлэх яагаад хэвлэгдэхгүй, гацаанд ороод, овоороод байгааг нөхдүүд тайлбарлахдаа хэвлэгч машин эвдэрсэн гэж байсан. Сүүлдээ солилоо гэсэн ч дахиад л эвдэрсэн болж таарав. Эсвэл солиогүй ч байж магадгүй. Ямар ч байсан ганц жолооны үнэмлэх хэвлэж чадахгүй байсаар байна, манай улс.

Нөгөө талаар жолооны үнэмлэх  хэвлэх машинаас гадна “Dmit” гэх компанитай холбоотой асуудал байгаа.   “Dmit” компани 3000 жолооны үнэмлэхний нууцлалын бүрхэвчийг дутуу хийснээс үүдэн иргэдийн дунд бөөн маргаан үүссэн.  Тиймээс цагдаагийн байгууллага тус компанитай  өнгөрсөн оны  зургадугаар сарын 13-нд гэрээгээ цуцалсан.  Ингээд хэвлэлийн компаниудын дунд нээлттэй тендер зарлаж, “Smart solution” ХХК-ийг сонгосон түүх бий.   Гэвч уг өнөөх компани нь одоо болтол үйл ажиллагаагаа эхэлсэн эсэх нь тодорхойгүй байна.   Тухайн үед   “Dmit” компанийн удирдлагууд гэрээгээ цуцалсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн дүүргийн шүүхэд гомдол гаргаж, дахиад л гацаанд оруулсан.

Уг нь “Dmit” гэх компани 200-300 үнэмлэх хэвлэдэг бол шинээр сонгосон “Smart solution” ХХК нь даруй 10 дахин ихийг хэвлэх хүчин чадалтай гэгдэж байсан. Тийм байхад яагаад бүхэл бүтэн улс нэг компанийн аманд унаж, шүүх энэ тэр гэж явав гэдэг нь сонирхолтой.  Одоо болтол уг компанитай холбоотой асуудлыг нэг тийш нь шийдэж,  жолооны үнэмлэх хэвлэлтийн ажил шийдэгдээгүй л байна.  Өнөө овооролдоод байгаа хэвлэгдээгүй үнэмлэх одоо ч хэвээрээ. Аль  2012 онд жолооны курс төгссөн хүн 2013 онд авч байх жишээтэй. Бараг жил дамнаж байж хэвлэгдэж байгаа юм. Ийм байхад асуудалд анхаарлаа хандуулж байгаа албан тушаалтан гэж алга. Засгийн газар, УИХ ч энэ асуудалд оролцох цаг болсон байна.

Гэхдээ үнэмлэх хэвлэ гэж байгаа юм биш. Өнөөг хүртэл асуудлыг уяад байгаа  “Dmit” гэх компанийг нэг мөр тоглоомоос гаргаад, төрийн төмөр нүүрийг нэг үзүүлчихвэл яасан юм. Энэ компанийн ард хэн байгаа болоод улс орон, олон түмний эрх ашгаас давсан үйлдэл хийгээд яваад байгаа нь сонирхолтой байна. Мэдээж жолооны үнэмлэх хэвлэх ажлын цаана багагүй хэмжээний мөнгө төгрөгийн ажил явдаг нь тодорхой. Тиймээс хэн ч гэсэн бэлэн хоолноос салахыг хүсэхгүй нь тодорхой. Тиймээс “Dmit” гэдэг компани мөнгөний авдраасаа салахгүй зууралдаад байгаа байх. Гэхдээ их л чанга зуурч байгааг бодвол, дээрээс нь өнөөг хүртэл асуудлыг гацааж байгааг бодоход нэлээд том улстөрчийн мөнгө угаах хэрэгсэл нь “Dmit” компани ч байж болох.

Хэрэвзээ өнөөг хүртэл “Dmit” компани тоглоомоос гараад, өөр компанид эрхээ өгсөн бол жолооч нар юу л гэж тамгатай цаасыг үрчийлгэж, урчихгүйн төлөө нандигнаж явах билээ дээ. Тэгэхээр жолооны үнэмлэх гарахгүй удаж, овоорч байгаа нь энэ компанитай салшгүй холбоотой. Ганц компанийн зууралтад унаж, жолооны үнэмлэхээ ч хэвлэж чадахгүй манайх шиг улс гэж байдаггүй л байлгүй. Тэгээд ч ирэх сарын 1-нээс буюу хоёр хоногийн дараа өнөөх айхтар журам нь хэрэгжих юм билээ. Гэтэл байдал ийм л байна. Ёстой л өрөвдөлтэй Монгол юм даа.
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй
Сэтгэгдлийг ачаалж байна ...