Хөөрхийлөлтэй аялал, жуулчлал
Зам дагаж хөгжил ирдэг гэдэг үгийг зүгээр ч нэг хэлчихээгүй гэдгийг 10-аад хоногийн өмнө зүүн аймгуудаар явахдаа яс махандаа шингэтэл мэдэрлээ.  Дээрээс нь Ерөнхий сайд энэ жилдээ багтаагаад зургаан аймгийн төвийг засмал замаар холбох гэж улайраад байгаа нь ямар хэрэгтэй зүйл вэ гэдгийг мэдэрсэн.

Хэрэвзээ замууд баригдаад дуусчихвал маш олон талын ач холбогдолтой. Гэхдээ манайхан зүүн гурван аймгаар дотоодын жуулчлал хийж явахдаа үгээ хэлсэн болохоор аялал, жуулчлалтай холбож авч үзэх гээд байна. Монголын аялал, жуулчлал гэж үнэхээр хөөрхийлөлтэй аж. Уг нь жил ирэх тусам хүмүүсийн аж амьдрал дээшилж, эх орныхоо үзэсгэлэнт газруудыг үзэх хүсэлтэй болж.

Гэтэл зам нь гэж там. Зүүн гурван аймгийн Хэнтий, Сүхбаатарыг л жишээ аваад үзье. Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум хүртэл засмалаар явна. Цаашаа Дадал орж, Чингис хааны төрсөн газар болох Дэлүүн болдог, Гурван нуур үзээд явна гэвэл шороон замаар удтал довтолгох хэрэг гарна. Тэгэхдээ жаахан зам тааруу мэддэг жолооч бол төөрөхөөс өөр сонголт үлдэхгүй. Нөгөө дуунд гардаг “Энэ олон замын алинаар нь явах вэ, та минь ээ” гэдэг шиг л юм болно. Ядаж байхад чиг заагаад өгчих самбар энэ тэр байхгүй. Нутгийн иргэдээс л асууж баримжаа олно. Арай гэж зүтгэсээр очихоор ширгэх гэж байгаа нэг нуур, хөшөө мэтхэнээс өөр юм байхгүй.

Ийм байхад яаж хүн жуулчлалаар явах вэ дээ. Сүхбаатар аймаг руу явахад ч гэсэн тийм амар биш. Хэнтий өнгөртөл засмалаар яваад, цаашаа шороон замаар таваргана. Баруун-Урт орчихоод цаашаа Дарьганга сум руу явна гэж байгаа. Үндсэндээ Дарьгангад л хамаг үзэх юм нь байгаа юм. Гэхдээ манайхан л өөрсдөө хийморио сэргээнэ гэж очиж байгаа болохоос гадаадын жуулчид ч сонирхохоор эд биш дээ. Уг нь байгаа уул ус, үзэсгэлэнт болон түүхэн газраа тордоод, тэр газар нь бүтээн байгуулалт хийгээд өгвөл хүн илүү их сонирхох нь мэдээж. Хамгийн гол нь зам тавьж өгөх явдал. Гадаадын жуулчид ирээд, засмал замаар хурдал очиж үзчихээд ирдэг бол дургүйцээд байх юмгүй л явна.

Түүнээс биш ганц уул, жижигхэн нуур үзэх гээд хэдэн зуун км газар шороон замаар дайвалзаж явахыг хүсэхгүй л байх. Нөгөө талаар гадныхан Монголд ирээд элдэв уул ус, ургамал ногоо, түүхэн дурсгалт газар үзэхээс гадна нүүдэлчдийн соёл иргэншлийг харахыг хүсдэг. Жинхэнэ байгалиараа байгаа малчдыг үзэх гэж хүсдэг гэсэн үг. Сүүлийн үед манайхан өөрсдөө ч тийм хүмүүстэй уулзаж, гэрийнх нь гадна ганц хоёр хонохыг хүсдэг болсон. Гэхдээ тийм хүнтэй уулзана гэвэл Улаанбаатар хотоос хэдэн км-ын цаана очих хэрэг гарна. Тэгэхгүй жаахан суурин газар дагаж байгаа нөхдүүд бол бизнес сэтгэлгээ суугаад, юун нүүдэлчдийн сэтгэхүй. За нэг малчныд очихын тулд, жинхэнэ “ориг” нүүдэлчин үзүүлнэ гээд 300 км шороон замаар давхивал өнөөх гадаад чинь нутагтаа очоод Монголын зам гэдэг там юм билээ гэж яриад л наашаа ирэх гэж байсан хүний 90 хувийг нь үргээдэг юм байгаа биз дээ.

Хэн ч энхэл донхолтой замаар явж, ядарч зүдэрч юм үзэхийг хүсэхгүй шүү дээ. Монголын аялал жуучлал сүүлийн жилүүдэд хөгжиж байгаа гэдэг болов ч яг нарийндаа манайд ирэх гадны жуулчдын тоо санасан хэмжээнд хүртэл өсөхгүй л байна. Энэ бол нарийндаа замтай холбоотой. Нэг ирсэн хүн нутагтаа очоод Монголын зам ямар хэцүү гээч хэмээн шагширч байгаатай холбоотой гэхэд болохгүй юмгүй. Ингээд л Монголын аялал, жуулчлал хөөрхийлөлтэй болчихоод байна. Тиймээс аялал жуулчлалаа хөгжүүлье гэвэл ядаж л бүх аймгийн төвөө, цаашлаад түүхэн дурсгалт газруудаа засмал замаар холбочихмоор юм даа.
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй
Сэтгэгдлийг ачаалж байна ...