Цаасан дээрх “Шинэ сум” говийн хөрсөнд
2013 оны 6 сарын 24
20 ортой, хоёр давхар эмнэлгийн барилгыг ердөө ганцхан сарын хугацаанд угсарчээ

Одоогоос хэдэн жилийн өмнө хөдөөг хөгжүүлэх “Шинэ сум” төслийн талаар ярьж эхлэхэд иргэд  итгэх нь бүү хэл тоглоом болгоод өнгөрүүлж байв. Сум­дыг хөгжүүлэх их бүтээн бай­гуу­лалтын энэ ажлыг тухайн үедээ иргэд сонгуулийн шоу хэмээн хүлээн авч  байсан нь саяхан.

Харин энэ төсөл  сонгуулийн шоу, худал амлалт байгаагүй гэдгийг Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад өрнөж буй бүтээн байгуулалтын ажил бэлхнээ гэрчилнэ. Өнгөрсөн тавдугаар сарын 20-нд шаваа тавьсан  бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцахаар бидний хэдэн сэтгүүлч, ҮХАА-н сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа нартай өнгөрсөн мягмар гарагт замдаа гарсан юм. Улаанбаатараас гараад 650 км зогсолтгүй давхисаар бид шөнө дунд зорьсон газартаа хүрч, амарцгаалаа. Өглөө эртлэн боссон бид хоёр хэсэгт хуваагдан Баянлиг, Бууцагаан сумдыг зорьсон юм.

Бидний хувьд Баянлиг суманд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах даалгавар авсан тул аймгийн ИТХ-ын дарга Б.Ширмэнтэй хамт замдаа гарлаа. Аймгийн төвөөс 240 км-ийн зайд  орших Баянлиг суманд  хоёр цаг гаруй давхиад хүрэв. Хонгор нутагт энэ жил зуншлага тааруу, гандуу байгаа тухай нутгийн иргэд ярьж байлаа. Хэдийгээр энэ зун хур бороо багатай, гандуу байгаа ч их говьд өрнөж буй бүтээн байгуулалтын ажилд нутгийн олон сэтгэл тэнэгэр байгаа гэнэ. Арга ч үгүй биз. Хүнд даацын машинуудын балгаар хөрс нь улаанаараа эргэсэн говь нутагт тун удахгүй цэцэг, навч алагласан ногоон байгууламж бүхий  шинэ сум сүндэрлэх учраас тэр. Ердөө сарын өмнө эхэлсэн гэхэд барилгын ажил тун хурдтай явагдаж байгаа ажээ. Биднийг очиход 20 ортой хоёр давхар эмнэлгийн барилга угсралтын явц 80 хувьтай байв. Харин Тамгын газар, 650 хүүхдийн суудалтай сургууль, цэцэрлэгийн барилгын суурийг цутгаж дууссан байна.

Тус суманд 20 ортой, хоёр давхар эмнэлэг, 650 хүүхдийн багтаамжтай бүрэн дунд сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, захиргаа, спорт заалны барилгын ажил эд өрнөж байна. Тус сумын хувьд тэртээх социализмын үед баригдсан эмнэлэг, сургуул, цэцэрлэгийн барилгын ашиглалтын хугацаа хэдийнэ дууссан бөгөөд шинэ сумтай болох гэж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа удирдлагууд төдийгүй иргэд хэлж байсан юм. Шинэчлэлийн Засгийн газрын хөгжлийг хөдөөнөөс эхлэх бодлого, “Шинэ сум” төсөл Баянлиг, Бууцагаан сумдад хэрэгжиж эхэлснээр ийнхүү нөр их бүтээн байгуулалтын ажил эхэлсэн юм.

Шинээр баригдаж буй сумын барилгын ажилд 250 орчим ажилтан байгаагийн 100 орчим нь орон нутгийн буюу Баянлиг сумын иргэн байгаа гэнэ. Хоёр ээлж болон 24 цагаар ажиллах ч өсч, төрсөн нутгийнхаа бүтээн байгуулалтад оролцож буйдаа нутгийн иргэд ийнхүү баяртай байна. Биднийг очих үеэр л гэхэд нэг хоногийн хугацаанд 20 ортой эмнэлгийн хоёр давхрын ханыг бариад, сургуулийн суурийг цутгачихаж байгаа харагдсан. Шугам сүлжээний асуудлыг ерөнхийдөө шийдсэн гэнэ. Одоогийн байдлаар нэг  цагт таван тонн ус татах чадалтай гүний худгаар усны асуудлаа шийдэхээр 1.6 километр шугам сүлжээний хоолойг барьж байгуулжээ. Мөн цэвэр, бохирын цэвэрлэх байгууламжийг барихаар бэлтгэж байгаа юм. Үүнээс гадна 900 м-ээс усаа татаж, дэд станц барьж байв.

Ердөө сарын дотор барьж  буй ч “Барилгын ажлын хамгийн чухал хэсэг суурь цутгах ажил 90 гаруй хувьтай байна” гэж барилгын ажлыг гүйцэтгэгч “Их модун” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цогтсэргэлэн хэллээ. Харин хоёр давхар эмнэлгийн барилгын ажил бараг дуусч байна. Одоо засал чимэглэл, сантехникийн ажлуудыг хийх дутуу болжээ гэхээр харагдана. Баянлиг, Бууцагаан сумдын энэхүү шинэ барилгууд Канад улсын технологийг Монгол орны орчин нөхцөлд тохируулан барьж буйгаараа онцлогтой. Канад технологийн модон барилгын материалууд чанартайгаас гадна хүний эрүүл мэндэд хамгийн их тохирсон байдгаараа онцлогтой гэнэ. Байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй энэхүү технологийг нэвтрүүлсэн 12 дахь улсаар Монгол тодорсон байна. Канад технологийн модон барилгад 70 жилийн чанарын баталгаа өгөх ажээ. Тиймээс ч шинэ суманд баригдах барилга, байгууламжийн чанарын асуудалд толгой өвтгөх шаардлагагүй гэдгийг энэ үеэр Канад улсын мэргэжилтэн онцолж байв.

Шинэ бүтээн байгуулалт, шинэ ажлын байр

“Нутгийн их бүтээн байгуулалтын ажилд оролцож, үеийн залуустай мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа баяртай байна. Анхандаа алс хязгаар хөдөөгийн сумыг дөрөвхөн сарын хугацаанд шинэчлэн барина гэдэгт үнэндээ итгээгүй. Харин одоо бүтээн байгуулалтынх нь ажилд гар бие оролцоод, ажлаа хугацаандаа дуусгахаар шаргуу ажиллах залуусаа хараад удахгүй шинэ сумын төвтэй болох нь гэж итгэл дүүрэн байна” гэж Баянхонгор аймгийн Баянлиг сумд баригдаж буй иж бүрэн байгууламж дээр ажиллаж буй нутгийн залуус ярьж байна. “Шинэ сум” төсөл хэрэгжсэнээр зөвхөн бүтээн байгуулалтын ажил өрнөөд зогсохгүй орон нутгийн иргэдийг ажлын байраар хангажээ. Хөдөө орон нутгийн иргэдийн хувьд ялангуяа сумдынхны хувьд ажлын байрны асуудал “толгойны өвчин” болоод буй. Жижиг зах зээлтэй учраас жижиг дунд үйлдвэрлэл эрхэлсэн ч тэр бүр амжилттай байдаггүйг энэ үеэр нутгийн иргэд ярьж байв. Тэгвэл “Шинэ сум” төсөл орон нутгийн иргэдийг түр болон тогтмол ажлын байраар хангаснаараа онцлогтой. Барилгын талбайд Баянлиг сумын 100 гаруй залуу ажиллаж байгааг дээр дурьдсан. Үүгээр ч зогсохгүй эмэгтэйчүүд ажлын хувцасыг урлаж, өглөө, өдөр, оройн хоолыг нь хийж байгаа гэнэ. Барилгын ажилчдын өмссөн хувцас бүрийг Баянлиг сумын эмэгтэйчүүд урласан бөгөөд төсөв хөрөнгийн тодорхой хувийг сумандаа үлдээж байгаа нь сайшаалтай хэмээн тус сумын Засаг дарга С.Амарсанаа хэлж байлаа. Үүнээс гадна эмнэлэг, сургууль, тамгын газар, спорт цогцолбор ашиглалтад орсноор байнгын ажлын байр бий болох юм. Хотод их, дээд сургууль залуусын хувьд орон нутагтаа очиж, ажиллах гэхээр ажлын байргүйн бэрхшээл тулгардаг. Харин “Шинэ сум” төсөл хэрэгжсэнээр энэ бэрхшээл үгүй болох юм. Их, дээд сургуулиа амжилттай төгссөн Баянлиг, Бууцагаан сумын залуусын хувьд өнөөдөр орон нутагтаа очоод ажиллаж, амьдрахад ямар нэгэн саад бэрхшээлгүй болжээ. Сумын иргэдийн хувьд ч халуун, хүйтэн устай тохилог орон сууцтай болох боломж бүрдэж, ирээдүй хойч үе нь эрдмийн саруул танхимд суралцаж, өвчин эмгэгт нэрвэгдсэн үедээ заавал аймгийн төв, Улаанбаатарыг зорих шаардлагагүй байгаа нь сайшаалтай. Тус сумын хувьд эмнэлэгийн асуудал тулгамдаад байсан гэнэ. Харин “Шинэ сум” төслийн хүрээнд баригдаж буй тус эмнэлэг ашиглалтад орсноор үзлэг, оношлогоо, мэс заслын тасаг гээд иж бүрэн цогц үйлчилгээг нутгийн иргэдэд үзүүлэх юм байна.

Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулга: Орон нутагтаа эзэн нь болж, амьдрах боломжийг бүрдүүлнэ
 
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа олон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлын нэг нь хөдөө орон нутгийг хөгжүүлэх “Шинэ сум” төсөл юм. 2013 оны төсөвт манай Баянхонгор аймгийн хоёр сум энэхүү “Шинэ сум” төсөлд хамрагдсан. Ингээд тавдугаар сарын 3-нд тендерийн шалгаруулалт явагдаж, тавдугаар сарын 20-ноос эхлэн барилгын ажил эхэлсэн байгаа. Барилгын ажил эхэлснээс хойш сарын хугацаа өнгөрөөд байна. “Шинэ сум” төсөл бол сумыг цогцоор өөрчилж байгаа. Баянлиг сум бол Улаанбаатар хотоос нилээд зайтай, говийн алслагдсан сумуудын нэг. Шинээр ашиглалтад орох Баянлиг сум бусад сумдад тохиолдох асуудлуудаа бас шийдэх боломжтойгоор онцлогтой юм. Сумын барилгыг барьж буй канад технологийн үйлдвэр манай улсад байдаггүй юм. Тиймээс бид хятад руу захиалга өгч, маш холоос материалаа тээвэрлэж ирж байна. Тиймээс цаашид орон нутгийн ийм төрлийн барилгын материалын үйлдвэрүүдийг баруун, төв, зүүн бүсүүдэд байгуулах юм. Ингэснээр бид өртөг маш ихээр хэмнэнэ. Одоо бол тээврийн зардал, гаалийн татварт маш их зардал гаргаж байна. Энэхүү “Шинэ сум” төслөөрөө хот хөдөөгийн амьдралыг ойртуулах зорилготой юм. Өнөөдрийн байдлаар манай улсын сумд 80, 90, бүр 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Гэтэл дотроо бие засах газар ч алга байна. Залуу хүмүүс чинь ямагт сайхан амьдрал руу тэмүүлж байдаг шүү дээ. Хэрвээ орчныг  нь хөгжүүлээд эхлэх юм бол их, дээд сургуулиа төгссөн залуу боловсон хүчин орон нутагтаа ажиллах боломж бүрдэнэ. Ингэснээр орон нутагт тулгамдаж буй боловсон хүчин, Улаанбаатарт төвлөрсөн хүн амын нягтаршлын асуудал шийдэгдэх боломж, давуу талууд бий.

Яагаад Баянлиг, Бууцагаанаас эхлэв

Монгол орны нийт нутгийг хамрах энэхүү төсөл чухам яагаад Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сумаас эхлэх болов гэсэн асуулт олны анхаарлыг татаж буй. Энэ төсөл тийм ч дардан замыг туулсангүй. Олон хүний эсэргүүцэлтэй тулж байж хэрэгжиж буй энэхүү төсөл Баянлиг, Бууцагаан сумдаас эхлэх болсон нь ч учиртай. Бууцагаан сумын хувьд баруун бүсийн зангилаа нутаг. Тиймээс ч Ховд, Говь-Алтай зэрэг аймгийг зорих иргэд өнөөх яриад байсан төсөл чинь бодит байдал дээр ингэж хэрэгжлээ гэдгийг өөрийн нүдээр харах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, цаасан дээрх төсөл хөрсөнд хэрхэн буусныг харах боломжтой. Харин Баянлиг сумын хувьд өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр АН-д хамгийн их сонгогч итгэл үзүүлсэн гэдэг. Тиймээс ч ардчилалд итгэсэн хүмүүс ямар үр шим хүртдэгийг харуулахыг зорьжээ. Ардчилалыг сонгосон Баянлиг сумынхан өнөөдөр алдсангүй. Тэд итгэсэн, итгэснийх нь хариуд орон нутагт нь их бүтээн байгуулалт өрнөж, хөгжлийн гараа эхэлжээ.

С.Амарсанаа: Шинэ суманд амьдрах олон гэр бүлийг дуудна

/Баянхонгор аймгийн Баянлиг сумын Засаг дарга/
-Хөдөө орон нутгийг хөгжүүлэх тал дээр анхаарал тавьж эхэлсэн энэхүү төсөл амжилттай хэрэгжиж байна. Манай нутгийн иргэд цаг нартай уралдан төслөө хурдан хэрэгжүүлж, энэ хоёр сумаа жишиг сум болгохоор ажиллаж байгаа.

Говь нутгийн хүн зоны амьдралд нөлөөлөх чухал зүйл болж буй “Шинэ сум” төсөл манай суманд  ажиллаж амьдрах олон гэр бүлийг дуудах байх гэдэгт итгэлтэй байна. Ингэснээрээ  нийслэлийн хүн амын хэт нягтаршлыг сааруулж, хөдөөгийн залуусыг орон нутагтаа амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх юм.

Р.Гэрэлбат: Баянлиг сумын иргэд түүхэн үйл явдлын гэрч боллоо

/Баянхонгор аймгийн Баянлиг сумын малзүйч/
-Манай сумын хувьд Улаанбаатараас 800 км-ийн зайд оршдог, алслагдмал бүс нутаг. Тиймээс ч сумын эмнэлэг, цэцэрлэгийн барилга хэдийнэ ашиглалтын хугацаа нь дуусаад байсан юм. Харин “Шинэ сум” төсөл хэрэгжиж байгаад үнэхээр баяртай байгаа. Үнэнийг хэлэхэд хөдөөгийн хүүхдүүд крантаа онгойлгоод халуун усаа гоожуулж мэдэхгүй тийм орчинд өсч, торниж байгаа.

Тэгвэл энэхүү төсөл хэрэгжсэнээр ирээдүй хойч үе маань орчин үеийн тохилог сайхан орчинд сурч, боловсорч, өсч, хүмүүжих нь. Миний хувьд энэ бүтээн байгуулалтын ажил манай сумаас эхэлж байгаад их бэлэгшээж байгаа. Аливаа ажлын анхдагч байна гэдэг маш сайхан хэрэг. Баянлиг сумын 3500 гаруй иргэн түүхэн үйл явдлын гэрч боллоо.

П.Наранцацрал: Мянга сонсохоор нэг удаа ирээд үзэх хэрэгтэй юм байна


/Баяхонгор аймгийн Баянцагаан сумын сум эмнэлгийн сувилагч/
-Миний хувьд Баянцагаан сумаас ирж энэ сайхан бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна. Өмнө нь энэ тухай сонсчихоод итгэхгүй байснаа нуугаад яах вэ. Харин өнөөдөр өөрийн нүдээр харлаа. Ёстой л мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Өнөөдөр говийн сумдын иргэд энэ бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна.

Манай эмнэлгийн хувьд тойргийнхоо таван сумын 10 мянга гаруй иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Сувилагч хүний хувьд эмнэлгийн барилгыг илүү сонирхлоо. Үнэхээр сайхан эмнэлэг баригдаж байгаа юм байна. Манай сум ч гэсэн удахгүй ийм сайхан эмнэлэг, сургуультай болно гэсэн. Тэр мөчийг л тэсэн ядан хүлээж байна даа. Учир нь хөдөөгийн бидний хувьд ашиглалтын хугацаа нь дууссан эмнэлэгт иргэдээ эмчилж байна. Мөн мэс засал хийх болоход заавал аймгийн төвөөс эмч дуудах болдог. Хэрвээ ийм эмнэлэгтэй болчихвол сумынхаа иргэдэд илүү чанартай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ.

Ц.Баяр-Өлзий: Хүүхдүүд маань ийм сайхан сургуульд суралцах юм байна

 /Баянхонгор аймгийн Жинст сумын иргэн/
-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр “Шинэ сум” төслийн талаар сонсчихоод сонгуулийн шоу биз дээ гэж бодоод л өнгөрч байсан. Сумдыг хөгжүүтлээ удах биз гэж бодож байснаа одоо санаад ичих шиг болж байна. Учир нь говийн сумдад бүтээн байгуулалтын ажил өрнөтлөө хол биз гэж бодож байсан юм. Гэтэл энэ бүхэн худал, хуурмаг зүйл байгаагүй ээ гэдгийг өөрийн нүдээр харлаа. Маш сайхан бүтээн байгуулалт өрнөж байгаа юм байна.

Миний хувьд хүүхдүүд маань ийм сайхан сургууль, цэцэрлэгт суралцаж, хүмүүжинэ гэж бодохоор их сайхан санагдлаа. Дотуур байр ч баригдах юм байна. Ямартай ч жирийн малчин хүний хувьд хүүхдүүдийнхээ сургуулийн асуудалд санаа зовохгүй болох юм байна гэж бодлоо. Манай сум ч гэсэн удахгүй ийм сайхан болох байх. Үүнээс гадна говийн иргэдийн хувьд сумын төв нь цэцэг, навч алагласан ногоон байгууламжтай болчихвол үнэхээр сайхан. Говь нутагт ч гэсэн мод, бут ургадаг юм гэдгийг харуулах ёстой.

С.Мягмарсүрэн: Манай сум ч гэсэн тун удахгүй шинэчлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна

/Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг дарга/
-Манай сумын хувьд Баянхонгор аймагтай хиллэдэг говийн бүс нутаг. Алслагдсан хөдөөд ийм сайхан бүтээн байгуулалт өрнөж байгааг өөрийн биеэр ирж харлаа. Үнэхээр сэтгэл хангалуун байна. Монгол орны өмнө тулгамдаад байгаа цөлжилт, ажилгүйдэл, хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааны төвшин зэрэг олон асуудлыг энэ төсөл хэрэгжсэнээр шийдвэрлэнэ. Манай сум хурдан ийм сайхан болоосой гэж бодож байна. Хөдөөгийн иргэдийн хувьд “Шинэ сум” төслийн талаар сонсчихоод итгэхгүй байсан юм. Тэгвэл өнөөдөр хараад итгэж байгаа байх.

Орон нутгийн  иргэд, удирдлагууд, барилгын ажлыг гүйцэтгэгч компаниуд нэг зорилготой урам зоригтойгоор ажиллаж байна. Харин бараа материалаа татахад асуудал тулгарч байгааг хэлж байсан юм. Баянхонгор аймгийн Баянлиг сум Улаанбаатар хотоос 800 км, Хятадын хилээс 300 км-ийн зайд оршдог учраас барилгын материалаа татахад олон хоног зарцуулах, говийн элсэрхэг газар хүнд ачаатай машин явахад элсэнд суух зэрэг бэрхшээл тулгарч байгаа аж. Мөн Бууцагаан сумын бүтээн байгуулалтыг хариуцан ажиллаж байгаа “Их модун” компанийн 10 машин өнгөрсөн өдрүүдэд хил дээр саатсанаас барилгын ажлыг хойш татах зэрэг асуудал үүсч байгаа гэдгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад тус компанийнхан хэлж байв. Хэдийгээр энэ мэт асуудал тулгарч байгаа ч ажлаа цаг хугацаанд чанартай гүйцэтгэнэ гэдэгтэй итгэлтэй байгаагаа шинэ Баянлиг сумыг байгуулж буй “Их Модун” ХХК-ийн ерөнхий захирал Б.Цогтсэргэлэн хэллээ.

Харин бүтээн байгуулалтад саад учруулахгүйгээр ажиллах нөхцөл бүрдүүлнэ гэдгийг Х.Баттулга сайд хэлж, ажил ахицтай байгааг үнэлсэн юм. Баянхонгор аймгийг баруун бүсийн жишиг аймаг болгох зорилт тависан. Энэ хүрээнд тус аймгийн хамгийн алслагдмал хоёр суманд шинэ сум төслийг хэрэгжүүлж байгаа нь энэ.  Дээрх бүтээн байгуулалтын ажил ирэх есдүгээр сарын 20 гэхэд бүрэн дуусах юм байна. Тулгамдаж буй асуудал нь бараа материалын тээвэрлэлт гэнэ. Энэхүү асуудлаа шийдчихвэл цаг хугацаандаа бүрэн амжих боломжтой гэсэн юм. Эзэнгүйдээд байгаа орон нутагт ажиллах амьдрах ая тухтай нөхцөл бололцоо шинэ сум төслөөр бүрдэх учиртай. Ийнхүү монгол орны хөгжлийг хөдөөгөөс эхлүүлж, орон нутагт өрнөж байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
Х.Жаргал
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй
Сэтгэгдлийг ачаалж байна ...