Бааранд орж, “балай авна” гээгүй нь яамай даа...
Энэ жил таван настай хүү минь төгсөлтийн баяр болно гэж хөөрцөглөсөн хүн. Төгсөлтийн баяр гэж чухам  ямар утга, учиртайг нь мэдэхгүй хэрнээ хүүгийн минь хувьд “баяр” гэдэг үг л тэгж их догдлуулж байгаа бололтой. Яг л төрсөн өдөр, шинэ жилийн баяр шиг.

Бөөн, бөөн бэлэг сэлт, амттан төсөөлөгдөөд байх шиг. Хүү минь энэ хавар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийг төгсөх бөгөөд намар сургуулийн сурагч болно. Харин ангийнхан нь болон багш нар нь төгсөлтийн баяртаа бэлтгээд завгүй. Өнөө өглөө ангид нь хүргэж өгтөл багш нь ширээн дээрээ 2-3 янзын зургийн цомог тавьчихаж. Тэгээд энэ хувилбаруудаас нь эцэг, эхчүүд бид өөр хоорондоо ярилцаж байгаад сонгох юм байх.

Хүү минь цэцэрлэгт ой найман сартайдаа орж, түүнээс хойш тасралтгүй суралцсан гэж тооцвол дурсгалын зурагтай байхад юу нь буруудах билээ. Хожим нь цэцэрлэг, бага, дунд, ахлах ангийн, их сургуулийн, магистр, докторын, удирдлагын академийн гээд өмнөө бөөн зургийн цомог эгнүүлж тавьчихаад харж суухад “дурсамжтай л юм”.  Хожим нь гудамжинд нэг нөхөр таараад л “Хүүе миний цэцэрлэгийн найз” гэж ирээд л дал мөрөн дээр нь алгадахад хэрэв хүү минь санахгүй бол цэцэрлэгийнхээ зургийн цомгийг үзчихнэ.

Санах ойнд мөн ч их “туслах” эд шүү энэ “монтаж” гэдэг зүйл. Тэгээд энэ нь бас хөөрхөн үнэтэй. Загвар болон хийцээсээ шалтгаалаад 5000-20 мянган төгрөгийн хооронд юм байна.  Хэрэв СD дагалдвал үнэ нь нэмэгдэнэ. Төгсөлтийн баярынх нь арга хэмжээг видео камераар бичиж, CD-нд хуулчихаад хүүхдүүдэд зарна. Хүүхэд болсон хойно “энэ авсан юм чинь би үүнийг заавал авна” гэнэ. Үгүй мөн овжин арга шүү энэ төгсөлтийн баяр зохион байгуулах ажил гэдэг.

За тэгээд анги даасан багшдаа бэлэг авч өгнө, төгсөлтийн баярын зугаалганд хүртэл явах юм байх. Уг нь “Алтан намар” гэх аялал зохион байгуулж, хүүхдүүдийг хооронд нь уралдуулаад нэг өргөмжлөл, медаль өгч байсан юм. Гэтэл одоо бас “Урин хавар” гэдэг аялал зохион байгуулах юм байх.

Цэцэрлэг болохоороо “Мөнгөн өвөл”-өө зохион байгуулаагүй биз. Түүнээс биш бас “мөнгөн өвөл” гээд цастай “танилцуулж”, гулгаж үзээгүй нэгнийг нь “ориг” модон чаргаар гулгуулах л байсан байх. Даанч монголын өвөл хахир, хүүхэд багачууд нас бага, ханиад томуу тусчих гээд баахан бэрхшээлтэй тул тэд энэ аяллыг “алгассан” байх.

Түүнээс биш намар эхэлсэн төгсөлтийн баярын арга хэмжээ өвөлжингөө үргэлжилж, хавартай золгох байсан биз. Үүнээс гадна төгсөлтийн баяртаа ирэхдээ охидууд цагаан даашинз, хөвгүүд костюмаар гангарах даалгавар авчээ. Сурсан мэдсэнээ эцэг, эхчүүддээ тайлагнаж, концерт тоглох гэнэ.

За энэ бүх зардал нийлээд нэг хүүхдээс 50 орчим мянган төгрөг авах бололтой юм аа. Өнгөрсөн жил 20 мянган төгрөг авч байсан гэнэ. Тэгсэн энэ жил юмны үнэ өссөн гээд 50 болж нэмэгдсэн тухай багш нь тайлбарлаж байв. Сүүний үнэ өссөн шалтгааныг бензинтэй холбосон шиг сонсогдож байсан шүү, энэ үед. Бодвол өнөөх монтаж энэ тэрийнх нь хэвлэлтийн зардал өссөн юм байгаа биз.

Түүнээс биш хөөрхий багш “халааслах” гээгүй байлгүй. Таван настай хүү минь цэцэрлэгээ төгсөнө гээд бөөн баяр. Тавхан настай жаал төгсөлтийн баяр гэж ярьж байгаа юм чинь бакалаврын диплом өвөртлөх оюутнууд Бээжин, Цагаан хэрэм үзэх нь ч аргагүй юм уу даа. Дээл, хувцсаараа өрсөлдөх нь ч энүүхэнд санагдлаа. Цэцэрлэгийнхэн л ингэж ч гоёж, гоодно, тэгж ч баярлаж, цэнгэнэ гэж байгаа юм чинь.

Уг нь хэзээ ч билээ нэг дүрэм, журам гарч төгсөлтийн баяр тэмдэглүүлэхгүй, бэлэг сэлт өгөхгүй байхаар тохиролцож байсан санагдана. Гэтэл үгүй юм байж. Хүүгийн минь ангийнхан төгсөлтийн баяраараа бааранд орж, “балай авна” гээгүй нь яамай даа.

Х.Өнөржаргал
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй
Сэтгэгдлийг ачаалж байна ...