Шавартайгаа хутгалдаж, хөрснийхөө бохирдолд дарлуулсан А зэрэглэлийн бүсийнхэн
2013 оны 4 сарын 24
Бид өмнөх дугаартаа Сонгинохайрхан болон Баянгол дүүргүүдээс сурвалжлага бэлтгэсэн билээ. Тэгвэл энэ удаад Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн өнгийг тольдсон юм. Бид энэ сурвалжлагаараа нийслэлд хаяа дэрлэн орших дүүргүүдийн өнгө төрх, тохижилт, иргэдийн ахуй амьдрал, хүүхдийн өсч, торних амьдрал ямар байгааг харуулахыг зорилоо.


Чингэлтэй дүүргийн тухай товчхон...

Нийслэлийн хойморт залрах Чингэлтэй хайрханаар овоглосон энэ дүүрэг нийтдээ 137 мянган хүн амтай. Чингэлтэй дүүргийн хувьд нийт 19 хороотойгоос 13 нь гэр хороолол. Хайлааст,  Дэнжийн мянга, Зурагт гээд бидний мэдэх газрууд энэ дүүрэгт харьяалагдана.  Өөрөөр хэлбэл, энэ дүүргийн 19 хорооны 13 нь гэр хороолол гэсэн үг.

Тус дүүргийн 30 мянган өрхийн талаас илүү хувь нь энд амьдардаг. Харин үлдсэн зургаан хороо нь байшин хороолол бөгөөд энд хүн амын 30 орчим хувь нь амьдардаг ажээ. Сүхбаатарын талбайгаас хойш Салхитын зуслан хүртэл үргэлжлэх Чингэлтэй дүүргийн хувьд газар нутгийн хувьд харьцангуй том.

Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан зэрэг дүүргүүдтэй хил залгаа орших Чингэлтэй 8.9 мянган гектар газар нутагтай юм байна. Түүний 30.3 хувь нь ХАА-н эдэлбэр, 27.0 хувь  нь хот суурин, зам, шугам сүлжээ, 37.1 хувь нь ой, 4.5 хувь нь усан сан бүхий газар эзэлдэг байна.

Хөрсний бохирдол, нурах аюултай болсон барилгууд иргэдийн сэтгэлийг түгшээж байна...

Зөвхөн гэр хороололд л асуудал байдаг гэвэл худлаа. Хотын төвийнхөнд ч бас хүн л юм хойно тулгамдсан бэрхшээл бий. Тиймээс ч бид сурвалжлагаа хотын төвөөс эхэллээ. Тус дүүргийнхний хувьд үе үеийн сэхээтнүүд, элитүүд төрөн гарсан нэг, хоёрдугаар 40 мянгатаа ярих дуртай. Эндээс Монголын төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэд, дуучин, жүжигчид төрөн гарсан. Харин одоо бол нэг, хоёрдугаар 40 мянгатын хэдэн орон сууц нь нурах аюултай болсон барилгын жагсаалтад багтсан.

Хотын  төвд байх энэ хэдэн барилга нэгэнт үеэ өнгөрөөж, нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр  нөлөөлж байгааг амтай бүхэн ярьдаг. Тиймээс ч Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт харьяалагдах нэг, хоёрдугаар 40 мянгатын байрууд хотын төвд сүндэрлэсэн өндөр шилэн барилгуудын сүрэнд дарагдаж,  он цагийн уртад аргагүй элэгдэж хуучирчээ. Ядаж байхад дэргэд нь сүндэрлэсэн тансаг барилгууд сүүдэрлэснээс болж иргэдийн хувьд нар үзэлгүй хэдэн жилийг үдэж буй.

Цонхоо ч онгойлгоод салхилах эрхгүй амьдарч байгаадаа иргэд бухимдаж байсан. Түүнээс гадна хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол зэрэг шаардлагатай газруудаа баячуудад булаалгасан энэ хавийн оршин суугчид удаа дараа гомдол гаргасан ч үр дүнд хүрээгүй гэнэ. Хотын төвийн хэсэг гэхэд үнэндээ “царай муутай” харагддаг энэ хэдэн барилгыг нураах цаг нь болжээ.

Угаасаа хэдхэн баллын хүчтэй газар хөдлөлт болоход хамгийн түрүүнд нурна гэдгийг нь НМХГ-аас тогтоочихсон юм билээ. Харин эндэхийн оршин суугчид 40 мянгатад амьдардаг гэдгээрээ “баахан бахархдаг” бололтой юм. Яах вэ, өнгөрсөн сайхан дурсамжаараа бахархаж болох ч харин одоо бол ирээдүйгээ харах цаг нь болжээ. Чингэлтэй дүүргийн нутагт Бөмбөгөр худалдааны төв бий.

Энэ хэсэг бол Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт харьяалагддаг. Харин энэ хорооны хувьд хамгийн тулгамдсан бэрхшээл нь хөрсний бохирдол гэнэ. Учир нь хашааныхаа булан тохойд нь ОО ухаж, эргүүлж бөглөсөөр байгаад эрүүл газар үлдээгүй аж. Тиймээс ч эндэхийн оршин суугчид “Утаа яах вэ, урин дулааны улирал эхлэхээр байхгүй болчихдог юм. Харин хөрсний бохирдол бидний санааг зовоож байна. Хүүхдүүд гудамжинд, хашаандаа тоглодог. Мэдээж хөрсний бохирдол тэдний эрүүл мэндэд муу шүү дээ” гэж байв.


Гэмт хэргийн бүс...

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд Тэнгис кино театр, Бөмбөгөр, Бишрэлт худалдааны төв,  Тэди төв гээд аж ахуйн нэгж, байгууллага олон бий. Харин энэ хорооны нутаг дэвсгэрт хамгийн их гэмт хэрэг гардаг. Цагдаагийн хоногийн мэдээнээс үзвэл гэмт хэргийн гаралтаараа Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүрэг тэргүүлдэг юм билээ.

Тус хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэди төв, Тэнгис кино театрын ойр орчимд халаасны хулгайч нар цугладаг гэдгийг ЦЕГ-аас иргэдэд сэрэмжлүүлж байсан. Учир нь Тэнгис кино театр болон Тэди төвийн ойр орчмоор хулгайч нар байнга эргэлддэг бөгөөд тэд нарийн зохион байгуулалтад орж, бүлэглэн хүмүүсийг дээрэмддэг тухай цагдаа нар ярьж байсан. Үүнээс гадна Тэнгис кино театрын урд биеэ үнэлэгчид эргэлддэг болсон тухай тэр хавийн оршин суугчид ярьж байсан.

Тиймээс ч биеэ үнэлэгчдийг цагдаа нар хараа хяналтдаа авахгүй бол Ард кино театр шиг байдалд орохгүй гэх газаргүй юм. Тэди төв бол хэзээнээсээ хулгайч нарын үүрлэдэг газар гэдгээрээ алдартай. Эндэхийн наймаачид нь хулгайч нартай хэзээний танилууд болсон бөгөөд тэднээс гар утас авдаг гэх. Түүнээс гадна Бөмбөгөр худалдааны төвийн гадаах талбай архичдын цугладаг талбай болоод удаж буй.

Яг л Сонгинохайрхан дүүргийн 32-ын архичид шиг. Тэр ч бүү хэл иргэд “Бөмбөгөрийн бөбөөчид” хэмээн нэрлэдэг юм билээ. Тиймээс ч Чингэлтэй дүүргийн удирдлагуудын хувьд гэмт хэргийн бүс болсон энэ хэсэгт анхаарал хандуулж, яаралтай арга хэмжээ авахгүй бол иргэд эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байх болно.

Харин тус дүүргийн нутаг дэвсгэрт төсөвт байгууллага 161, улсын үйлдвэрийн газар 29, ХК ес, ХХК 5683, хоршоо 92, олон нийтийн байгууллага 151, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа явуулж ажилладаг аж. Улмаар 20 нэр төрлийн татварын болон татварын бус орлогыг бүрдүүлж жилдээ 10 гаруй тэрбум төгрөгийг татварын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт оруулдаг байна.


Ажилгүйдэл, ядуурал, архидалт

Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нийт хүн амын 10 гаруй хувь нь нэн ядуу, эмзэг бүлгийн гэх тодорхойлолтод хамаарна. Тус хорооны хувьд ажилгүйдэл, ядуурлын асуудал тулгамдаад байгаа аж. Хэдийгээр Засгийн газраас иргэдийн амьжиргааг дэмжих бодлого баримталж байгаа ч харамсалтай нь амьдрал дээр үр өгөөжөө өгөөгүй гэдгийг тус хорооны иргэдийн амьдрал гэрчилнэ.

Баянбүрдийн тойргоос хойшоо гэр хорооллын иргэдийн хувьд ажил олдохгүй, олдсон ч цалин мөнгө нь хангалтгүй байгаа учраас хэцүү байдаг тухай иргэд ярьж байв. Тиймээс ч иргэдийн хувьд мэргэжил олгох сургалтад хамруулж, ажлын байраар хангахыг сониноор маань уламжилсан юм. Бид цааш явж Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо буюу Дэнжийн мянгыг зорилоо.

Энд “Хүчит Шонхор” зах бий. Иргэдийн хувьд захаа түшиглэн амьжиргаагаа залгуулж байна. Дэнжийн мянгынхны амьдрал энэ захыг тойрч буцална. Түм түжигнэж, бум бужигнасан энэ хорооны хувьд архидалт, гэмт хэргийн асуудал “шүдний өвчин” болоод байгаа аж. Зах дагасан иргэдийн амьдрал баталгаагүй, цаанаа гундуухан. Дэнжийн мянгын хувьд мөн л эртний хятадуудын суурин учир хөрсний бохирдол гэж авах юмгүй. Монголд нүүрлэсэн гамшиг архичдыг эндээс ч мөн харж болно.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд л гэхэд 28 архины дэлгүүр бий. Ганцхан хороонд 28 архины дэлгүүр гэдэг бол дэндүү ахадсан тоо. Хотын төвийн гудамж, талбайгаас эхлээд гэр хорооллын автобусны зогсоол, дэлгүүрийн хашаа гээд хаа саагүй ухаанаа алдтал уусан архичдыг харж болно. Амьд хэрнээ үхсэн юм шиг хүн болж төрсөн атлаа нохойноос дор амьдрах тэд архин далайд живсэн Монголын дүр төрх.


Архигүйгээр баяр ёслол, нөхөрлөл, хамтын ажиллагааг төсөөлөхөө больсон монголчуудын өдөр тутмын хэрэглээ гэхэд хилсдэхгүй. Ядуу тэгсэн хэрнээ архинд живсэн ард түмний амьдрал дэндүү гундуу, хар бараан харагдсаныг нуух юун. 18 дугаар хорооны Засаг дарга Ё.Отгонбаяр “Тамхины хяналтын хууль маш амжилттай хэрэгжиж байна. Тэгвэл үүн шиг архийг хянаж яагаад болохгүй гэж.

Зөвхөн манай хороонд гэхэд 28 архины дэлгүүр бий. Хүний хөгжлийн мөнгө олгож байхад архидалт үнэхээр хэрээс хэтэрсэн. Мөнгө буулаа маргааш нь бид контортоо суугаад ажиллах ямар ч нөхцөлгүй. Гудамжиндаа гараад хэдэн архичидтайгаа үзэлцэнэ шүү дээ” гэв. Аз болоход хүний хөгжлийн мөнгө олгохоо зогсоосон. Архидалт бага ч болов буурчихаад байгаа аж.

Түүнээс гадна гэрэлтүүлгийн асуудал гэр хороололд тулгамдаад байгааг иргэд хэлж байсан. Гэр хорооллын гудамж бүхэлдээ гэрэлтүүлэггүй бөгөөд түүнээс болж гэмт хэргийн гаралт их байгааг ч иргэд ярьж байв. Айдас дагуулсан харанхуй орчинд амьдарч байгаа гэр хорооллынхонд гэрэлтүүлэгийг нь шийдээд өгчихвөл том буян болох юм.


Өнөөх л асуудал буюу сургууль, цэцэрлэг

Тус дүүрэгт төрийн өмчийн 19, хувийн өмчийн зургаа, нийт 25 цэцэрлэг байдаг аж. Мөн төрийн өмчийн 13, хувийн өмчийн найман ерөнхий боловсролын сургуульд 25 мянга гаруй хүүхэд суралцаж, боловсролын салбарт 1167 багш, ажилчид ажиллаж байгаа юм байна. Мөн Хөдөлмөрийн дээд сургууль, Улаанбаатар Эрдэм-Оюу, Улаан­баатар Эрдэм-Судлал, Соёлын коллеж, Соёл урлагийн их сургуулиуд байрладаг.

Гэр хорооллын хүүхдүүдийн хувьд сургууль, цэцэрлэгийн асуудал хамгийн хүндрэлтэй байдаг. Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны хувьд 37 дугаар сургууль байдаг бөгөөд харин цэцэрлэггүй юм байна. Уг нь цэцэрлэгийн насны 2300 хүүхэд байдаг аж. Харин эдгээр хүүхдүүдийн 180 орчим нь зэргэлдээ хорооны 103 дугаар цэцэрлэгт хүмүүждэг юм байна.

Тус хороонд “Их-ханд” гэдэг хувийн цэцэрлэг байдаг бөгөөд 65 хүүхдийн суудалтай аж. Улсын төсвөөр 120 хүүхдийн суудалтай цэцэрлэг баригдахаар болжээ. Хэрэв ирэх намар гэхэд цэцэрлэгийн байр бэлэн болчихвол хүүхдүүд зэргэлдээ хорооныхныг царайчлах зовлонгоос ангижрах аж. Өөр бусад хороодод ч гэсэн сургууль, цэцэрлэгийн зовлон бий. Нэг үеэ бодвол хөдөө орон нутгаас шилжилт хөдөлгөөн харьцангуй багассан ч сургууль, цэцэрлэгийн зовлонгоос ангижирч амжаагүй л явна. Хэрэв нийслэлийн захирамжаар баригдах 80 бага сургуулийн ажил биелэлээ олчихвол тэдэнд том тус хүргэхийг ч иргэд ярьж байв.


Орон, байрны асуудлаар...

Үүнээс гадна иргэдийн хувьд нийслэлийг орон сууцжуулснаар асуудал шийдэгдэхгүй. Гэр хорооллоосоо эхэлж хөгжих учиртайг ч онцолсон юм. Иргэд 5-6 зургаагаараа нийлж, бүлэг үүсгээд хоёр давхар сайхан байшин барьж амьдрах хүсэлтэй гэнэ.

Учир нь Чингэлтэй дүүргийн хувьд хамгийн түрүүнд дулааны шугаманд холбох боломжтой бөгөөд газар нутгийн байршлын хувьд ч давуу талтай гэдгийг иргэд онцолж байсан юм. Тиймээс заавал 10 давхар хотхон сүндэрлэхдээ гол нь биш эхлээд өөрсдийн нөхцөл боломжиндоо тааруулаад орон, байрныхаа нөхцлийг сайжруулах хүсэлтэй гэж байв.

Тиймээс ч газрыг нь чөлөөлж, иргэдтэй үнэ хаялцаж, түүнийхээ дараа дулаан, эрчим хүчний асуудлыг нь шийдэх гэж бөөн чирэгдэл учруулж байснаас хэрэв иргэд 5-6 нийлээд нэг хаус барьж орсон нь дээр. Тэгээд ч зургаан айлын яндангаас гарах утаа нэг байшингаас гарсан нь дээр гэдгийг ч тус хорооны иргэд онцолж байв.

Улаанбаатар хотын газар нутаг тийм ч том биш. Том биш гэдгийг нь тодотгоод байгаагийн учир нь манайхан жижигхэн газраа бүс болгож хуваачихаад, түүн дээрээ тоглолт хийгээд байгааг  хэлэх гэсэн хэрэг. Манайхны ойлголтоор бол хотын төв нь  А зэрэглэлийн бүс. Түүнээс цаашлаад Я хүртэл зэрэглэлийн бүс байх байгаа юм. Жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн 1, 2 дугаар хороо бол Я зэрэглэлийн бүс юм уу, даа. Зүйрлүүлж хэлбэл шүү дээ. Тэнд бүх зүйл муу, хотын төвөөс хол гэдэг утгаараа. Харин А зэрэглэлийн бүс гэдэг бүх зүйл нь онц, 90-100 хувь байх ёстой.  Хотын төвд, бүх үйлчилгээндээ ойр гээд шалтгаан ярьвал их. Тэгвэл Улаанбаатарт А зэрэглэлийн бүсэд байгаа ганц дүүрэг нь Сүхбаатар.  Учир нь  20 хорооных нь 14-15 нь А зэрэглэлийн бүсэд хамаарагддаг гэж байгаа. Тэгвэл А зэрэглэлийн бүсээр явж, тулгамдсан асуудлыг нь судалж, сурвалжиллаа.


Тохижилтоороо тэргүүлдэггүй төвийн дүүрэг

Жил бүр нийслэлээс дүүргүүдийн тохижилтод зориулж багагүй мөнгө төсөвлөдөг. Тэрбумаас эхэлсэн энэ хөрөнгө оруулалт жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Дүүрэг бүр энэ мөнгөөр тодорхой хэмжээний тохижилт хийж, мод тарьж, зүлэгжүүлж, энд тэнд хорооны байр будаж байгаа байх. Харин Сүхбаатар дүүргийн хувьд бусад дүүргээс илүү гарч тохижилт хийсэн юм алга.

Ичсэн нэрэндээ А зэрэглэлийн бүсэд байгаа болохоор арай нэг дутчихгүй байгаа юм. Гэхдээ л ганц хоёр аятайхан тохижуулсан, зүлэгжүүлсэн цэцэрлэг гэхээр юм байхгүй. Сүхбаатарын талбайн урд байгаа цэцэрлэг гэхэд тохижилт муутай. Нэг том хонхноос өөр юм бараг байхгүй. Хэдэн бут, мод нь багассаар багассаар дуусах дээрээ тулсан. Үндсэндээ шатар, даам тоглож, мэргэлж түргэлдэг хэдэн хүний ажлын цэг гэхэд болно. Нөгөөдүүл нь тэндээ “морь харж”, бизнесээ хийгээд л. 


Арай л хүндэрдэггүй байх.  Уг нь зассан шиг засаад, залуус аятайхан амарчих цэцэрлэг болгочихвол аятай юу. Түүнээс гадна Б.Лхагвасүрэн жанжны хөшөө байрлах цэцэрлэг байна. Жил бүр тохижуулаад, янзлаад байх шиг байдаг юм. Уг нь дотроо их модтой, дундуур нь алхахад аятайхан цэцэрлэг. Гэтэл тохижилт гэхээр юм бараг байхгүй. 

Уг нь хашаа хайсыг нь аятайхан болгоод, тухлах сандал, хогийн савыг нь  шинэчлээд, хэдхэн сарын дараа навсайхааргүй чанартай юм хийчихвэл аятай юу.  ШУТИС-ийн хойно байх цэцэрлэг ч яг адилхан. Уг нь А зэрэглэлийн бүсэд байгаа юм шиг сайхан тохижуулаад өгвөл Сүхбаатар дүүрэг нүүрээ угаасан юм шиг л болно. Гэтэл тохижуулж байгаа нь энэ гээд хоёрын хооронд юм хийчихдэг. Тэгээд л жил бүр мөнгө үрэх ажил болно. Байрлуулсан хогийн савнууд нь эвдэрнэ.

Ингээд л цэцэрлэг нь хогондоо дарагдах дээрээ тулна. Харин гэрэлтүүлгийн хувьд арай дээр нь дээр. Яах аргагүй хотын төв учраас тэр шүү дээ. Гэхдээ гэр хорооллуудынх нь гэрэлтүүлэг тийм ч сайн биш байгаа. Өнөөх л А зэрэглэлийн бүсэд хамаардаг 10, 11, 12 дугаар хорооны иргэд шавар шалбаагтай харанхуй гудамжаар таваргаж байгаагаа ам уралдан ярьж байна. Түүнээс гадна төвд усан оргилуур гэхээр юм байхгүй. “Централ товер”-ын өмнө л нэг байгаа байх.

Гэхдээ дүүргээс хийсэн тохижуулалт биш шүү дээ. Байгууллага хувиараа хийсэн. Бас нэг асуудал нь А зэрэглэлийн бүсэд машины зогсоол үнэхээр хомсдолтой. Ядахын мууд Сүхбаатар дүүргийн байрны өмнө нь л машины зогсоол гэхээр юм байхгүй. Үнэндээ тохижилт ийм л байна. Бүр байхгүй гэх нь хаашаа юм. Гэхдээ л төвийн дүүрэгт жаахан жулдмаар байна даа.



Шалбааг туучиж, угаадастай хутгалдахаас өөр сонголт алга

Сүхбаатар дүүрэг 20 хороотой ч тэднийх нь 40 хувь нь гэр хор­оолол гэхэд болно. Тэр дундаас  хамгийн асуудалтай нь 11, 12, 13 дугаар хороо. Тиймээс бид 12 дугаар хороог сонгож, асуудлыг нь сонирхсон юм. 12 дугаар хороо руу ороод, гудамжаар нь алхахаар социализмын үеийн шавар тагз өөрийн эрхгүй нүдэнд тусна. Тэр ч битгий хэл тэр хавиар 40 орчим минут явахад аятайхан байшинтай айл ч цөөхөн байсан нь Нарангийн гол орчмоос дор байлаа. Дээрээс нь өнгөрсөн долоо хоногт орсон цасны үлдэгдэл болсон шалбааг зарим нэг гудамжны үзүүрт тунаж, гахай хэвтдэг шавар шиг үнэртэх нь бөөлжис цутгамаар.

Бид энэ мэтийг харж явсаар хорооны байран дээр очлоо. Хорооны байрыг нь олно гэдэг худал  амаргүй юм. Гэр хорооллынхоо дунд айлын байшин шиг хоёр давхар тоосгон байна билээ. Бид Засаг дарга Ц.Долгормаа, зохион байгуулагч н.Отгонжаргал нартай уулзаж, тулгамдаж байгаа асуудлынх нь талаар яриа өрнүүлсэн юм. Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 8243 хүн амтай, 2375 өрхтэй, 23 гудамжтай аж. 8000 гаруй хүн оршин суухад дэндүү бага газартай гэдгийг тэд хэлж байсан. 

Ерөнхийдөө 12 дугаар хорооны оршин суугчдад хамгийн гол тулгамдаж байгаа зүйл нь намган дунд амьдарч байгаа байдал аж. Зундаа шавар шалбааган дунд амьдардаг. Угаас намагтай газар байсан болохоор бороо шиврэх төдийд л шавар тогтож, машин суугаад, явган хүн явахын эцэсгүй болдог байна. Үе үеийн Засаг дарга нар машинаар шороо, хайрга авчирч асгадаг ч шавартай гудамжаар алхах аюулаас гэтэлгэдэггүй гэнэ.

Арай гэж зуныг дуусгаад өвөлтэй золгохоор угаадас, ялгадасандаа дарлуулж эхэлдэг. Намагтай газар овойж хөлдөөд, жорлон, муу усны нүх идэр есийн хүйтнээр дүүрчихдэг аж. Ингээд л иргэд гудамжиндаа угаадсаа асгаж, шээж, баахаас өөр аргагүй байдалд хүрдэг байна. Тэр хавьд гүнзгий нүх ухах ямар ч боломжгүй. Сайндаа л хоёр метр ухаад ус ундардаг.

Ингээд л иргэд шээж ч чадахгүй дээрээ тулдаг юм байна. Уг нь 2007 онд намаг хатаах шугам гэж тавьсан гэж байгаа. Багахан ч болтугай шугам тавьсан юм чинь арай дээр байх нь мэдээж. Гэхдээ л А зэрэглэлийн бүсэд амьдарч байгаа иргэдийг шавар шалбааг туучин алхах, угаадсан дундаа “умбах” зовлонгоос салгаж чадаагүй гэнэ. Харин одоо хүн хамгийн их явдаг гудамжуудаар 1.5 км хайрган хучилттай зам тавих асуудал яригдаж байгаа аж. Уг нь дүүргээс шийдэж өгнө гэж хэлсэн гэнэ.

Нэг ч болтугай сайхан мэдээ. Хамгийн гол нь хурдан шийдээд өгчихөөрэй дээ,  Д.Бадарсан дарга аа. Хэд хоногоос бороо орох нь тодорхой. Тэр цагт 12 дугаар хороо гэдэг чинь шавар шавхайн орон болно биз дээ, харин ч нэг. Таныг засмал замаар товор товор алхаж байхад чинь нэг хорооны 8000 иргэн шавартай “зууралдаж” байна гэсэн үг. Тиймээс жаахан яарвал гэж сануулж байгаа хэрэг.



А зэрэглэлийн бүсэд төсөл хэрэгжүүлж болдоггүй гэнэ үү

12 дугаар хорооны иргэдийн зовлон ингээд дуусахгүй. Баргийн том сумаас олон хүнтэй хороонд сургууль, цэцэрлэг гэж байдаггүй. Хорооны байр нь гэж баян айлын амбаараас дор. 2375 өрхийн дунд ердөө гуравхан худагтай. Тийм болохоор амралтын өдрүүдээр усны төлөө ширүүн дайн өрнөдөг гэнэ. Аргагүй шүү дээ. Гуравхан худгаас тэр олон айл ундны усаа авч байхад.

Худаг барих гэхээр хөрсний бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрчихсэн учир болдоггүй аж. Уг нь гүний худаг барих санаатай хөрсөө шинжлүүлж үзсэн юм билээ. Гэтэл ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт гарч. Ингээд л 8000 гаруй иргэд А зэрэглэлийн бүсэд амьдарч байгаа нэртэй, цэвэр усны дутагдалтай л аж төрөөд байгаа аж. Уг нь шинээр усан сан буюу зөөврийн худаг байгуулах талаар ярьж үзэж. Гэтэл хүн алхах гудамжнаас өөр “тэвнийн сүвэгчийн чинээ” ч зай байхгүй юм билээ.

Сургууль, цэцэрлэг байхгүй гэдгийг хамгийн түрүүнд зориудаар хэлсэн юм. Ер нь тэнд байгаа юм алга. Байгаагаас хөрс нь бохирдсон, шавар шалбаагтай хэдэн гудам л байна. 2000 гаруй өрх хүүхдээ сургуульд өгөх худагт дугаарлахаас илүү дайтдаг гэж байгаа. Аан нээрээ, өрхийн эмнэлэг нь “өөр гариг” дээр байдаг учраас дэндүү холддог гэж байгаа.

Мөн хорооны хэмжээнд ганцхан халуун устай. Өмнө нь ганц ч байгаагүй юм билээ. Зохицуулагч н.Отгонжаргал хэд дахин төсөл бичиж байж ганц халуун ус байгуулсан гэсэн. Дээрээс нь 12 дугаар хорооны иргэдийн амьжиргаа тун тааруу гэдгийг Засаг дарга хэлж байсан. Засаг даргаар хэлүүлэлтгүй амжиргаа тааруу гэдэг нь шавар тагзнаас нь л харагдаж байна билээ. Хамгийн хачирхалтай гадаадаас ирж байгаа хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр 12 дугаар хорооноос “үргэдэг” гэнэ.

Учир нь А зэрэглэлийн бүсэд байгаатай холбоотой юм гэнэ ээ. А зэрэглэлийн бүсэд төсөл хэрэгжүүлж болдоггүй гэсэн хууль дүрэм байна уу. Тэгээд ч нөгөө “А” гэж тодотгоод бүсийнх нь байж байгаа царайг хараад байгаарай. Юун А, Я зэрэглэлээс долоон дор байна. Ерөнхийдөө тэр хавийн иргэд дахин төлөвлөлтөд орох,  газраа өгөх сонирхол ихтэй байдаг гэнэ. Аргагүй биз дээ хөөрхийс, юу л гэж шавар дунд амьдрахыг хүсээ аж. Гэтэл төр засгаас дэмжиж байгаа дэмжлэг гэж байхгүй. 12 дугаар хорооны нүүрний хэдэн айл долдугаар хорооллын төлөвлөлтөд багтсан гэсэн.

Гэхдээ тэр нь ажил хэрэг болоод, иргэд амар сайхан жаргах цаг хэзээ ч юм бүү мэд. Ойрноос тус хорооны зургаан иргэн бохирын цооног тавих санаачилга гаргаж, төсөл бичиж байгаа юм билээ. Хэрэвзээ түүнийг нь дэмжээд өгвөл болохгүй ч юмгүй юм билээ. Хамгийн гол нь дүүргийн Засаг дарга дэмжээд, тэнд байгаа хэдэн иргэдээ жаахан саначихвал зүгээр байх. 

Зөвхөн нэг хороогоор ороод гарахад л ийм байна. Цаана нь бүх гэр хорооллоор орвол үй түмэн асуудал ургаж гарч ирэх нь мэдээж. Гэхдээ 11, 13, 14 гээд олон хороонд нэг ижил зовлон байна. Тэр нь бүгд гамшиг болтлоо бохирдсон хөрсөн дээр, шавар шалбааг дунд амьдарч байгаа явдал. Үе үеийн Сүхбаатар дүүргийн удирдлага энэ асуудалд тийм ч их анхаарч байгаагүй гэдгийг иргэд хэлж байна билээ. Д.Бадарсан дарга тэр хавиар нэг яваад, хорооныхоо иргэдтэй уулзчихмаар юм даа.

Мөнхийн сэдэв “100 айл”

Дахиад л А зэрэглэлийн бүстэй холбоотой асуудал. Манай улс шиг хотын төвдөө барилганы матералын захтай, замаск, шохой, тоос нь бужигнасан орон дэлхий дээр байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Уг нь Улаанбаатар хотод төвлөрөл хэрэгтэй байгаа. Нэг дорооос барилгын материалаа тэр чигт нь авчихна гэдэг хэрэгтэй. Гэтэл “100 айл”-д Иргэний бүртгэлийн газар нь байж байх жишээтэй.

Хөдөө, хотын бүх иргэд тэнд очиж лавлагаа авдаг. Өдөрт хэчнээн хүн зөвхөн лавлагаа авах гэж тийшээ явж байгаа бүү мэд. Ингээд л түгжрэл, бухимдал, тоосжилт, шохойжилтын нийлбэр болоод байгаа юм даа. Манайхан олон жил “100 айл”-ыг нүүлгэх талаар ярилаа.

Гэхдээ шийдэл нь яриагаа гүйцэхээ болиод удаж байна. Ингэж барилгын материалын зах нүүлгэнэ гэж хий хоосон “донгодож” байхаар Иргэний бүртгэлийн газраа нүүлгэчихсэн дээр юм биш үү. Шийдэхэд арай л амар байх. Тэгвэл ядаж л түгжрэл арай багасна. Дээрээс нь зөвхөн лавлагаа авах гэж ирснийхээ төлөө уушгаа шохой, замаскаар хордуулж байгаа иргэдийн эрүүл мэндэд ч хэрэгтэй.



Эх сурвалж: www.mminfo.mn
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй
Сэтгэгдлийг ачаалж байна ...