“Шар дов”-д цацраг идэвх хэвийн хэмжээнээс 30 дахин илүү гарсныг “Кожеговь”-ийн хээрийн анги хариуцсан дарга хүлээн зөвшөөрлөө
2013 оны 3 сарын 27

-“Шар дов”-д асгасан түйвэнгээс /хаягдал шороо/ цацраг идэвх хэвийн хэмжээнээс 30 дахин илүү гарсныг “Кожеговь”-ийн хээрийн анги хариуцсан дарга хүлээн зөвшөөрлөө-


Манай сонин өмнөх хоёр ду­гаартаа Дорноговь аймгийн Улаан­­бадрах сумын нутаг, Ду­лаан уул орчимд өрнөөд байгаа асууд­лыг хоёр талын байр суурь­тай нийтэлсэн. 20 тугал нь  үл мэдэгдэх шалтгаанаас болж үх­сэн малчин Д.Норсүрэн гуай бо­лон “Кожеговь” компанийнхан өөр өөрийн өнцгөөс асуудлыг тайл­бар­лаж байгааг тэцвэртэй­гээр хүр­гэсэн билээ. Тэгвэл энэ удаад бүх зүйлийн зангилаа хэрхэн тай­лаг­даж байгааг хүргэх юм.

Хайгуулын дээж тонн тонноороо хураалттай байна

“Кожеговь” компанийн байр суурь ерөнхийдөө баттай биш гэ­дэг нь ярилцлагаас хараг­даж байсан юм. Тэд бүхий л асууд­лыг Цөмийн энергийн га­зар­­тай холбож, зөвхөн тэдний заав­раар ажиллаж, шийдвэрийг нь харна гэдгээ ч хэлж байсан нь ярилц­ла­гаас харагдсан. Түүний дараа бид “Кожеговь” компанийн хээрийн ан­ги дээр байгаа чөмгөн дээж бо­лон лабораторид шинжилсэн дээ­жүүдийг үзэж сонирхсон юм.

Тэр зуур хээрийн анги ахалсан менежер О.Баяр­сай­хан  болон дарга  Г.Түв­­шинтулга нар дээжийг хэр­хэн гаргаж ирж байгаа болон тех­но­­логийн олборлолтыг яаж хийж байгаа талаараа дэлгэ­рэн­гүй тайлбарлаж өгч байлаа. Гэх­дээ хүмүүст яаж уран гаргаж авч байгаа нь биш цацраг идэвх ал­даг­даж байгаа нь сонин байсан учир дэлгэрэнгүй дурьдах шаард­лагагүй байх. 


Гагцхүү тэнд хай­гуулын дээж тонн тонноороо ху­­раалттай байна билээ. Нэг  мет­рийн урттай, гурван хэсэгтэй кер­нийн хайрцганд дээжээ авдаг юм бай­на. Тийм дээжийг харин ч нэг өр­сөн харагдсан.

Хээрийн ангийн менежер О.Баярсайханы хэлж буйгаар тэнд хураалттай байгаа дээжүүд сул идэвхжилттэй учир ямар ч хоргүй гэдгийг хэлсэн. Мөн “Анхаар, цацраг идэвхт мате­риал” гэсэн бичиг хаал­ган дээрээ хад­сан агуулах до­тор лабораторт шинж­лүүлж, сорьц авсан дээж ч тонн тон­ноо­роо байна билээ.

Түү­нийг ч бас ямар хор нөлөө байхгүй гэд­гийг хэлж байсан. Гэхдээ л ямар нэг хэмжээгээр өдөөгдөж, цацраг ялгаруулдаг гэдгийг учир мэдэх хүмүүс хэлээд байгаа.


Одоо ч үхсэн тугалын сэг нүхэнд хэвтсээр


“Кожеговь” компанийн хээ­рийн ангитай танилцаж, ярилц­са­ны дараа тэндээсээ гарч, үх­сэн тугал устгасан гэх нүхэн дээр ирэв.  Өнгөрсөн өвөл ту­гал үхэж эхлэхэд “Кожеговь” компанийн­хан тэнд аваачиж булж, шатаа­сан юм билээ. Мөн багагүй хэм­жээний химийн бодис устгалд оруулсан гэдгийг ч тухайн үед шалгасан хүмүүс нь хэлж байсан. Харин биднийг саяхан очиход сүүлд үхсэн тугалын сэг ил задгай шахуу байна билээ.

Мөн химийн бодис агуулж байсан, цацраг илэрсэн цэнхэр сав ч гэсэн тэндээ үзмэр аятай байж байна. Уг нь үхсэн тугалыг шатааж, устгалд оруулах ёстой биш бил үү. Ямар ч шалтгаан байсан, каль­ци дутагдсан, цацрагт хорд­сон, металын ужиг хорлого бай­сан ч гэсэн ил байлгаад байх шаард­лагагүй байлтай. Гэтэл одоо бол­тол байгаад, өмхий үнэр орж бай­гаа нь дэндүү хайнга үйлдэл.

Австралийн жишээ уран хэчнээн аюултайг сануулж байна

Устгалын зориулалттай нүхийг үзсэний дараа уран хадгалж байгаа газар болно туршилтын талбай нь зүг жолоо мушгив. Бидэнтэй хамт “Кожеговь” компанийн хээрийн анги хариуцсан дарга Г.Түвшинтулга явсан.  Уг нь “Кожеговь” компани зөвхөн хайгуулын лицензитэй.

Тэгэхээр зөвхөн ураны агууламж байгаа эсэхийг хайж, өрөмдлөгө хийнэ гэсэн үг. Түүнийгээ ч өмнө нь маш олон удаа хэлсэн. Учир нь хээрийн анги дээр байхад бид уурхай гэж хэлж үгийн алдаа гаргах болгонд зөвхөн хайгуулын анги гэдгийг удаа дараалан сануулж байсан юм.  Гэтэл нөхдүүд хайгуулын лицензээр 2.7 тонн уран олборлоод хадгалчихаж.

Тэр нь  ямар ч хамгаалалтгүй шахам газар хадгалагдаж байна. Бид Г.Түвшинтулга даргаас хамгаалалт ямар байгаа талаар асуусан. Өнөө цагт  үй олноор устгах үйл ажиллагаа хийдэг бүлэглэлүүд олон болсон. Тэр ч битгий Монголд  ч тийм аюул тулгараад байгаа энэ цагт 2.7 тонн уран ингээд байж байна гэдэг хэтэрхий аюултай биш үү гэдгийг асуусан хэрэг.


Харин Г.Түвшинтулга дарга “Манайх уран хадгалж байгаа газрынхаа харуултай хоёр цаг тутамд холбогддог. Мөн аймгийн Онцгой байдлын газартай шууд холбоотой. Хэрвээ ямар нэг юм болбол шууд мэдэгдэж, шуурхай арга хэмжээ авна. Тэгээд ч уран хадгалж байгаа газрын цоожийг онгойлгоход хэцүү. Авч явахыг санаархлаа ч гэсэн кран, том ачааны машинтай ирэх шаардлагатай.

Тэгж авч явах гэсээр байтал бид шуурхай арга хэмжээ авч амжина” гэж ярилаа. Мөн 2.7 тонн уран хадгалж байгаа газар байнга хэмжил хийж, дээж авч үздэг аж. Одоохондоо тэр орчимд ямар нэг сэжигтэй зүйл илрээгүй, цацраг идэвхийн хэмжээ их гараагүй байгаа аж.

Түүнээс гадна тэрбээр бидэнд газар дор уусган олборлох тех­нологио нэгд нэгэнгүй тайл­бар­лаж өгсөн.  Аль хоо­лойгоор хэчнээн метр куб ус, хүхэр оруу­лаад, буцаад нөгөө хоо­лой­гоор яаж соруулж авдаг гэдгийг ч нарийн тайлбарласан. Гэхдээ бодит байдал дээр нэг хоолойгоор оруулж байгаа бүх шингэнийг буцаагаад нөгөө хоолойгоор бүгдийг нь соруулж авна гэж байхгүй гэдгийг олон улсын жишээ баталчихсан байдаг гэдгийг Гамшгийн эсрэг үндэсний төвийн дарга Ж.Ганбаатар хэлж байлаа.

Австралид гэхэд хүхрийн хүчил шахдаг технологи найдваргүй гээд хориглочихсон байгаа аж. Учир нь тэд гүний усандаа хүхрийн хүчил алдчихсан байгаа аж. Тиймдээ ч уран олборлохыг хориглосон байгаа гэдгийг хэлж байлаа. Мөн туршилтын олборолтын явцад хөрсөн дор байгаа бутарсан нэгдэл эргэж нэгдэж, гүний усыг хордуулах боломж өндөр байгаа аж.

Гэхдээ өнөөдөр, маргааш, жилийн дараа ч биш. Олон жилийн дараа тийм аюул болох магадлал байгаа аж. Дээр дурьдсан Австралид  гэсэн тунадас үүсч байсан жишээ байгаа юм билээ. Харин “Кожеговь”-ийн зүгээс саармагжуулах боломжтой, хяналтын цооногууд байгаа гэдгийг ч тайлбарлаж байсан.  Гэхдээ л Австралийн жишээ уран ямар аюултай вэ гэдгийг сануулж байгаа юм. Дээрээс нь Улаанбадрах сумын нутаг дахь ундны уснаас селен их хэмжээгээр илэрч байгаа аж.

Харин Г.Түвшинтулга даргын хэлж байгаагаар тэндэхийн уснаас угаасаа л селен их  хэмжээгээр илэрч байсан гэдгийг хэлж байна билээ. Тэгээд ч туршилт хийж эхэлснээс хойш селены агууламж нэмэгдээгүй гэдгийг хэлсэн.   Тэгээд ч гүний усны мониторингийн дүнг үргэлж гаргаж байгаа, түүнийг үзэхийг ч санал болгож байлаа. 


“Шар дов”-ын шаврын цэгт цацрагийн хэмжээ их гарсныг “Кожеговь” компанийнхан хүлээн зөвшөөрөв


Бид “Кожеговь” компанийн туршилтын талбай дээр очиж, танилцсаны дараа тэдний өхөөрдөн хэлдгээр оршуулгын цэгт очлоо. Өнөөх алдарт “Шар дов” гэдэг газар. Маш их хэмжээний түйвэнг тэнд “оршуулж” байгаа юм байна. Бараг уртаашаа 100 орчим, өргөөшөө 30-40 метр том талбайд хаягдал шороогоо асгаж байна, “Кожеговь” компанийнхан.

Тэндээс өмнө нь  буюу гуравдугаар сарын 11-нд  Улсын мал эмнэлгийн газар тухайн орчинд цацрагийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 30 дахин илүү байна гэсэн дүгнэлт гаргаж байсан.

Харамсалтай гуравдугаар сарын 12-нд тэр дүгнэлтээсээ буцаж, дахин шинжлэх шаардлагатай гэж үзсэн л болохоос. Цацрагийн идэвхжил тийм өндөр байгаа газрын хамгаалалт гэж юу ч байхгүй. Барьсан хашаа нь инээдтэй. Шон зоогоод, хоёр утас татчихсан. Тэнд нь мал амьтан чөлөөтэй орж, долоож, идэж болохоор юм билээ.


Тэр ч битгий хэл биднийг очиж байхад мал хашаанд орсон гэдгийг илтгэж байгаа мэт үс, ноос энд тэндгүй харагдаж байсан. Ерөөс Д.Норсүрэн гуайн өнгөрсөн жилийн намар “Шар дов”-ны шаврын цэгийн хойно ойрхон намаржиж байсан юм билээ.

Түүнээс гадна шаврын цэгийн ойрхон Дорноговь аймагтаа л томоохонд тооцогдох Баянбулаг хэмээх өвөлдөө хөлддөггүй гол урсдаг юм билээ. Гол дурьдаж байгаагийн учир нь Д.Норсүрэн гуайн үхсэн тугалууд голоос ус уугаад гарахдаа тус шаврын цэгийн ойролцоо нэг бус удаа бэлчиж байсныг эзэд нь татаж авсан юм билээ.

Эцсийн дүндээ тугалнууд селен өндөртэй ус ууж, давхар цацрагт шаруулсан болохоор үхсэн байх магадлалтай гэдгийг Ж.Ганбаатар гуай хэлж байсан. Гэтэл одоог болтол шаврын цэг өөдтэй хашаа, хамгаалалтгүй байж байна.

Шаврын цэг дээр байх үед Г.Түвшинтулга даргаас та нар өөрсдөө хэмжилт хийж үзсэн биз дээ, ямар байсан, хашаа яагаад ийм байгаа талаар асуусан. Тэгэхэд “Бид энд хэмжилт хийж үзсэн. Одоо ямар хэмжээтэй гарч байгаа шиг л зааж байгаа. Түүнийг бид битгий хэл цөмийн энергийн газрынхан мэдэж байгаа шүү дээ. Хашааны хувьд надад өөрсдийгөө өмөөрч хэлэх үг үнэндээ алга. Энэ жил хашаа барьж, хамгаалалтыг нь сайжруулах гэж байгаа” хэмээн ярьсан юм.

Түүний хэлж буйгаар бол “Шар дов”-д байгаа шаврын цэгээс цацрагийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 30 дахин илүү гарсныг өөрсдөө төдийгүй Цөмийн энергийн газрынхан мэдэж байгаа аж. Цаашид яах талаар түүнээс асуухад “Төр засаг анхаарч ажиллах ёстой. Зөвхөн Цөмийн энергийн газар биш Тагнуулын ерөнхий газар гээд бүх газар хамтарч ажиллах хэрэгтэй” гэсэн юм.


Ураны хаягдлаа эргүүлж авна гэвэл яах вэ


Уншигч та санаж байгаа бол Г.Түвшинтулга дарга манай компани төдийгүй Монгол Улсын хэмжээнд ямар ч шар нунтаг гаргаагүй гэдгийг хээрийн анги дээр ярилцаж байхдаа хэлсэн. Гэтэл “Кожеговь” компанийнхан 40 грамм шар нунтаг лабораторийн аргаар гаргаад авчихсан гэдгийг шаврын цэг дээр байхдаа ярьсан.

Тийм байтал өмнө нь яагаад мэлзэв. Өнөөдөр 40 грамм нунтаг гаргаж авч чадаж байгаа юм чинь цаашид хэдэн ч граммыг гаргаж авах боломжтой гэсэн үг биш үү. Тэгээд ч тус компани уран хайхаас гадна нэгэнт олборлоод, бүр шар нунтаг гаргаж аваад байна шүү дээ.

Энд нэг ноцтой зүйл байгаа нь хэрвээ манайх уран олборлоод эхэллээ гэж бодоход олон улсын хуулинд тус металыг олборлон зах зээл гаргасан улс гарсан хог хаягдлыг нь эргүүлэн авах ёстой гэсэн заалт байгаа гээд байгаа. Одоо тэр хуулийг болиулсан гэж яриад байгаа ч тавин хувийг нь эргүүлж авах нөхцөлтэй уран худалдаж авч байгаа гэсэн мэдээлэл бий.

Тиймээс бид цөмийн технологийн гол түүхий эд болсон шар нунтаг гадаадад гаргалаа гэхэд буцаагаад хог хаягдлаа авах болох нь. Олборлох гэж хордоно, дараа нь хог хягдал нь хордуулна. 40 грамм шар нунтаг зарлаа гэхэд эргээд хог хаягдал нь хэчнээн тонн болж ирэхийг тооцох аргагүй юм билээ.

Хог хаягдал нь иргээд ирлээ гэхэд хамгийн багадаа 500 жил, түүнээс цааш олон мянган жилээр эргэн тойрноо бохирдуулж, цацрагаар шарж байдаг. Ийм л аюултай зүйлээр бид оролдож байна. Бид ч гэж дээ, Францын нэг компани ирээд тэр аюултай тоглоомоор биднийг тоглуулаад байна. Хэрвээ аюултай хэмжээнд хүрээд, гор нь гарлаа гэхэд францчууд биш монголчууд нл хохирч үлдэх нь тодорхой.

Одоо ч мал хордсон хэвээр
 
Тугал үхсэн нь зүгээр л анхны жишээ. Түүнээс хойш хонь, ямаа үхлээ. Хээл хаялаа. Биднийг очих үед малчин Эрдэнэчулууны нэг ямаа гурван ихэр үхсэн, үсгүй ишиг гаргасан байсан юм. Мөн нэг ишиг өрөөл татанхай гарчээ. Хойд хоёр хөл нь ямар ч ажиллагаагүй. Гуравдугаар сарын 20-д гарчихаад байхад үсгүй ишиг гарна гэж байхгүй. Үүнийг аль ч малчнаас асуусан мэднэ.

Тэгээд ч зэрэг ишиглэж байгаа ямаануудаас нь зүгээр ишиг гарч байна шүү дээ.  Тэгэхээр ураны хор газар авсаар байгаа юм биш үү. Түүний баталгаа үхсэн 22 тугал биш юм аа гэхэд, үсгүй үхсэн ишиг гарч байгаа нь биш  гэж үү. Тийм байхад одоо ч хордоогүй хэвээрээ гэж дайрсаар байх уу гэдэг л сонирхолтой байна.

Ойрын хоёр өдөр Цөмийн энергийн газар болон Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсэг Дулаан уулд оччихсон элдэв шинжилгээ хийж байна гэсэн. Ямар дүгнэлт гарахыг хүлээж л суухаас. Учир нь ажлын хэсгийн дүгнэлт Улаанбадрах сумын болон Зүүнбаян багийн иргэд, Дулаан уул орчимд нутаглаж байгаа малчид, цаашлаад Дорноговь аймгийнхны хувь заяа яаж эргэхийг шийдэх байх.

Гэхдээ л Цөмийн энергийн газар “Арива” групп, “Кожеговь” компанийг цээжээрээ хамгаалаад үлдэх шинжтэй. Учир нь тэнд өрөмдлөг хийдэг “Орд гео” компанийн хээрийн ангийнхан ирэх сарын ихээр ажилдаа гарах гэж байгаа сурагтай. Энэ нь “Кожеговь” компанийнхан үйл ажиллагаагаа үргэлжүүлнэ гэсэн санаа мөн биз.

Эх сурвалж: www.mminfo.mn
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй
Сэтгэгдлийг ачаалж байна ...