“Тохилог амины орон сууц” үзэсгэлэн дахин гурван сар үргэлжилнэ
2013 оны 3 сарын 12
Нийслэлийн иргэдэд  эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдал багатай, цэвэр, бохир усны шугамд холбогдсон хямд, тохилог амины орон сууцыг санал болгох зорилгоор “Гэр хорооллын дахин төлөвлөлт, тохилог амины орон сууц” үзэсгэлэнг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан билээ.

Уг үзэсгэлэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард  Сүхбаатарын талбайд нээлтээ хийж, үзэсгэлэнд “Ногоон газар”, “Люксвүүд хаус”, “Экологийн дулаан хаус”, “Эс Ай Пи Эс Монголия”, “Изо хаус”, “Монгейт” зэрэг 13 компанийн 18 тохилог амины орон сууц хамрагдсан.

Америк, Канад загварын барихад хялбар, дулаан алдагдал багатай, хямд үнэтэй, тохилог орон сууцыг нийслэлийн иргэдэд санал болгож, улмаар урт хугацаатай, хүүгийн хөнгөлттэй зээлд хамруулах ажлыг судлан, хэрэгжүүлэх чиглэлээр зохиогдсон энэхүү үзэсгэлэнг энэ оны гуравдугаар сар хүртэл явуулахаар төлөвлөж байсан ч өнгөрсөн хугацаанд нийтдээ 140 гаруй иргэн тохилог амины орон сууц үзэсгэлэнгийн байшингаас худалдан авах, бариулах захиалгаа өгсөн аж. Тиймээс иргэдийн эрэлт, хэрэгцээ, үзэсгэлэнд оролцож байгаа аж ахуйн нэгжийн хүсэлтийг харгалзан үзэсгэлэнг дахин гурван сар сунган үргэлжлүүлэхээр нийслэлийн удирдлагаас шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: www.mminfo.mn
Ж.Отгон
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй
Сэтгэгдлийг ачаалж байна ...