С.Отгон: Залгаа ханцуйтай монгол дээлийг залуучууд их сонирхож байна
2012 оны 12 сарын 17
С.ОтгонМонгол үндэснийхээ дээлний загварыг хөгжүүлж, хүүхэд, залуус, дэлхий дахинд монгол дээлний шинж чанарыг гайхуулан, үйлдвэрлэлээ хөгжүүлж яваа дээл урлаач, дазайнер С.Отгонтой ярилцлаа.

-Монгол дээлийг хэзээнээс оёж эхлэв. Одоо үйлдвэрлэлээ хэрхэн явуулж байна вэ?
-2007 оноос үйл ажиллаагаа явуулж, торгон хувцас оёж эхэлсэн. Одоогоор гурван оёдолчинтой ажиллаж, монгол дээл хувцсыг орчин үеийн загвар хийцэд оруулан оёж байна. Торгон хувцас нь зах зээл багатайгаас гадна үнэ цэнэтэй гэдэг утгаараа өндөр үнэтэй гардаг. Тухайлбал, нэг дээл 150-180 мянган төгрөгийн хооронд гардаг учраас хүмүүс тэр бүр байнга авч өмсөхгүй. Тиймээс одоогоор үйлдвэрлэлээ захиалга авч хийж байна. Гэхдээ манай орчин үеийн залуучууд сүүлийн үед монгол дээлийг түгээмэл өмсч, албан байгууллагууд ч гэсэн монгол дээлтэй өдөрлөгийг ихээр зохион байгуулах болсон. Үүний дагуу бидний захиалга ч нэмэгдэж байгаа.
-Материалаа хаанаас авдаг вэ. Хэчнээн төрлийн торго байгаа вэ?
-Материалаа өөрсдөө Хятадаас авчирдаг. Бид хамгийн гол нь чанартай материал авчрахыг баримталдаг. Яагаад гэвэл хүмүүс захаас хямдхан торго авч, дээл хийлгэчихээд нэг жил болоод урагдчихаар нь торго эдэлгээгүй гэж ярьдаг. Тиймээс бид зах дээр зардгаас илүү чанартай торго авчирч, түүгээрээ хийсэн хувцсыг илүү олон жил өмсөөсэй гэж боддог. Торгоны үнэ цэнэ үүнд л оршиж байх ёстой. Үүнийг ойлгуулах гэж ажиллаж байна. Материалын хувьд маш олон янз байгаа. 300 гаруй төрлийн өнгө, загвар, хээтэй торго байна. Тухайлбал, энгийн торгон утастай, үйтэн хуар, магнаг гээд олон төрөл бий. Үйтэн хуарыг дээр үед мөнгөтэй баян хүмүүс өмсдөг байсан. Магнаг торго гэхэд л хээ хуарын хувьд сүртэй, нийлэг материалтай байдаг.
-Үндэсний дээл оёдог бусад төрлийн үйлдвэрлэгчдээс юугаараа ялгагдах вэ. Үнийн хувьд ямар байдаг бол?
-Бид монгол дээлийг европ загварт оруулж оёдогоороо ялгаатай. Европ загвар гэдгийг загварын дээлтэй андуурдаг. Тэгвэл энэ нь яг үндэснийхээ Монгол дээлийг европ хувцас шиг эсгэж, биед эвтэйхэн байдлаар оёно гэсэн үг. Монгол дээлийг залуучууд овортой харагдуулдаг гээд тэр бүр өмсөхийг хүсдэггүй. Тиймээс үүнийг европ эсгэлтээр эсгээд, яг л костюм өмссөн мэт санагдуулахаар залгаа ханцуйтай дээл хийж байна. Үүнд залуучууд их дуртай байдаг. Яг л үүнийг хүсч байлаа, хэрвээ ингэж хийсэн дээл байх юм бол бид үндэснийхээ хувцсыг дуртай өмсөх болно гэцгээдэг. Тиймээс манайд энэ төрлийн захиалга их ирдэг. Үнийн хувьд монгол дээл 145-185 мянган төгрөг, загварын хувцаснууд 165-180 мянган төгрөгийн хооронд байдаг. Гар ажилбар орж, шүр шигтгэсэн нь 190 мянга хүрдэг.
-Сүүлийн үед монгол үндэсний дээлний загварыг эвдэж, янз бүрээр европ загварт оруулж байгаа. Ингэснээр монгол дээлний­хээ загварыг алдаж байна гэцгээдэг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Би үүнийг монгол чанараа алдаж байна гэж боддоггүй. Учир нь орчин үеийн загварт оруулж байгаа боловч монгол үндэсний дээлний бүхий л шинж чанарыг агуулж байгаа. Эмжээр, хошмог, даралт гээд Монгол төрхийг оруулдаг учраас ямар ч хүн харсан Монгол дээл гэдгийг илтгэж байгаа тул утга учир нь алдагдахгүй. Гэхдээ хөгшид үүнийг таашаахгүй байгаа байх аа.
-Монгол үндэсний дээл өөрөө их олон загвартай. Үүнийг ард иргэддээ таниулж, хийе гэсэн бодол байдаг уу?
-Байлгүй яахав. Манайх олон үндэстэн ястантай учраас дээлний загварын хувьд ч тэр хэрээрээ олон янз. Сүүлийн үед ташуу энгэртэй дээлийг хүн болгон сонирхож, өмсөх болсон. Үүнийг хийхийн тулд зүгээр л ташуу энгэртэй эсгээд хийчихгүй. Зах, ханцуй, эмжээр нь ямар байх ёстой зэргийг судалж, дээр үеийн түүхэн сурвалжаас мэдэж авдаг. Торгоны сонголт, загвар хоёрыг ч нийцүүлэхийг боддог. Дээр үед Богд хаан булган захтай, магнаг торгон хантааз өмсдөг байсан. Үүнээс сэдэвлэж шар, ногоон магнаг торгоор ноён загварын хантааз хийж байгаа. Үүнийг хүмүүс их сонирхдог. Гол нь өнгө, торгоны хээ, загвар хийц нь тохирч байж монгол дээлний өнгө төрх гарч ирнэ.
-Гадаадын иргэд манай дээл хувцсыг их сонирхдог байх. Ямар төрлийн хээ хуар, загвартайг нь илүүд үзэж байна вэ?
-Гадаадынхан монгол дээ­лийг наадмын үеэр их хийлгэж өмсдөг.  Харин хээ хуар, загварын хувьд энгийн, даруухныг нь илүүд үздэг. Тухайлбал, өнгөрсөн жил АНУ-д болсон дэлхийн 20 орны жижиг, дунд үйлдвэрлэгчдийг хамруулсан үзэсгэлэнд оролцсон юм. Тэнд монгол дээлийг сурталчлах гэдэг утгаараа гар аргаар хийгдсэн дээлнүүдээ голчлон авч явсан. Тэгэхэд сүг зургийг хайчилбараар хийж, хонин холбоогоор дээр нь оёж өгсөн хүрмийг илүү сонирхож байсан. Европчууд хэтэрхий эрээн, мяраан торгонд дургүй байдаг. Тиймээс тэдэнд зориулан цулгуй торго, даавуун дээр хээ оёж, торгоор эмжиж хийдэг. Цаашид алхан, уулан хээтэй хүрэм хийхээр төлөвлөж байгаа.
-Торгон хувцасны үйлдвэр­лэл явуулахад ямар асуудал тулгамдаж байна. Ажиллах хүчний хувьд ямар байна вэ?
-Хүмүүс торгон хувцсыг голдуу өөртөө зориулж захиалгаар хийлгэдэг боло­хоор бусад төрлийн хув­цас шиг байнга зараад байдаггүй. Тиймээс лангуу түрээсэлдэггүй. Гэхдээ лангуу түрээслээд хийсэн дээлнүүдээ тавибал хүмүүст илүү хүрч, захиалга ч их ирэх байх. Гэвч одоогоор бидэнд өндөр үнэтэй лангуу түрээслэх боломж алга. Ажилчдын хувьд гурван оёдолчинтой байгаа ч ер нь ажиллах хүч дутмаг байна. Ажилд оръё гэсэн хүн ирж байгаа ч шаардлага хангахгүй нь их байдаг. Сургаж авъя гэхээр цаг хугацаа алдахаас гадна сурчихаад тууштай ажилладаггүй яваад өгдөг. Уг нь манай оёдолчид хийснээрээ цалинждаг болохоор хийж л чадвал өндөр цалин авах боломжтой. Хамгийн доод тал нь л 400-450 мянган төгрөгийн цалин авч байна. Үүнийг голж байгаа хүн ч байна, ахиулахын тулд хичээж ажиллаж байгаа нь ч бий. Ер нь энэ төрлийн ажилчин дутмаг байгаа нь оёдолчин хийх сонирхолтой хүн цөөхөн байгаатай холбоотой. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиас нь эхлээд хөдөлмөрийн хичээл дээр оёдлын хичээлийг түлхүү оруулж, үүнд охидыг сонирхолтой болгох хэрэгтэй. Үйлдвэрлэл сургалтын газарт ч гэсэн түлхүү сургах хэрэгтэй. Дээрээс нь бидэнд тулгарч байгаа гол асуудал бол түрээсийн байр өндөр үнэтэй байдаг. Эрүүл мэндээ бодоод подвальд суухгүй, байр хөлслөхийг илүүд үздэг. Тэгээд үнэтэй түрээслэхээр түүндээ таарсан чанартай бүтээгдэхүүн хийж, илүү үнээр зарахыг боддог. Бид 100 хувийн ашиг олно гэж байхгүй. Арай гэж түрээсийнхээ мөнгийг төлөөд байж байтал дараагийн түрээс төлөх цаг ирдэг. Тиймээс түрээсийн хөнгөлөлтэй байр л хэрэгтэй байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
М.Ариунсувд
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй
Сэтгэгдлийг ачаалж байна ...