Ц.Жамъян: Хөдөө нутгийн сайхныг биширч, түүгээр хөглөгдөж дуу зохиож яваа хүн дээ би
2012 оны 12 сарын 13
Монгол Улс, Тува улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Жамъянтай ярилцлаа. Хөдөө нутаг, Завхан аймагтаа насаараа хөдөлмөрлөж, хөгжмийн боловсролын үрийг цацсан энэ эрхэм хүн өдгөө Улаанбаатар хотод суурьшаад байгаа аж.
-1990-ээд оны дунд үе, 2000 оны эхэн үед таны зохиосон дуунууд жинхэнэ хит болдог байлаа. Харин сүүлийн жилүүдэд хөгжмийн зохиолч Ц.Жамъян аяыг нь бичсэн дуу нэг их гарахгүй байх шиг. Ойрын үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Өнгөрсөн намар би “Нам­рын дуунууд” нэртэй цуврал бүтээлүүд хийсэн. Голдуу яруу найрагч Н.Пүрэвийн шүлгүүдээр дуу хийсэн юм. Одоо “Шувууд буцсан намар” гэдэг дуу нэлээд амжилттай, хүнд хүрч байх шиг байна. “Морин хуур” наадамд оны шилдэг дуугаар шалгарлаа. 200 гаруй дуунаас шилдгээр шалгарсан болохоор нэлээд сайн бүтээл боллоо гэж бодож байна. Мөн Б.Явуухулангийн шүлгүүдээр “Гэрэлтэй хүүхэн” нэртэй хөгжимт жүжиг бичсэн. Ерөнхийдөө дуун дээр ажиллаж байна даа. Хамгийн сүүлд гэвэл Ховд аймгийн яруу найрагч Батсуурьтай хамтраад өнгөрсөн мягмар гарагт нэг дуу хийсэн. Түүнийг маань дуучин н.Одгэрэл дуулахаар авсан. Завханы дуучин байгаа юм. “Галын бурхан” гэдэг нэртэй шүлэг байсныг бид ярилцаж байгаад “Бурхан үр минь” болгосон. Тун удахгүй нийтэд хүрэх байх.
-Та ихэнхдээ Завханы дуучидтай л хамтарч ажиллах юм аа даа?
-Ер нь тийм, би чинь жаахан нутгархаг үзэлтэй хүн. Тэгээд ч Завханд уран бүтээлийн нэгдэл аяндаа бий болсон. 1990-ээд оны дунд үеэс шүү дээ. Тэгэхэд яруу найрагч Н.Лутбаяр, Ц.Бавуудорж, Алтангэрэл гээд залуучууд байлаа. Дээрээс нь дуучин С.Батсүх, Сандагжав хоёр гарч ирж байсан. Тухайн үед би театрт хөгжмийн багш байсан юм. Тэгээд бид цуглаад, залуучууд шүлгээ авчираад л дуу хийнэ. Дуугаа дуулуулах болохоороо С.Батсүхийгээ дууд­даг. Ингэсээр байгаад олон дуу­тай болсон. Өмнө нь би нэг их дууны ая  хийдэггүй байсан. Олон жил театрын хөгжмийн багш, удирдаачаар ажилласан. Дуучдын багш, хөгжимт драмын театрын болон киноны хөгжим бичиж л явсан болохоос дууны уран бүтээлээр оролддоггүй байсан хэрэг. Харин манай нутгийн залуу яруу найрагчид гарч ирээд, дуу хийж эхэлснээс хойш энэ чиглэлээр ажиллаж явна даа.
-Завханы Д.Цэвээнравдан гэж хөгжмийн зохиолч бай­даг. Та хоёр нэг хэсэг уран бүтээлээрээ өрсөлдөж байсан байх шүү?
-Хүмүүс тэгж хардаг л байх. Тухайн үед Д.Цэвээнравдан Завханы Хөгжим бүжгийн сур­гуульд, би театрт ажилладаг бай­лаа. Д.Цэвээнравдангийн нэг дуу гарахаар араас нь миний дуу гардаг байсан үе бий. Өрсөлдөөд байсан ч юм биш, тэгсэн мөртлөө тийм ч юм шиг он жилүүд байлаа шүү дээ. Жишээ нь, “Дуут” нуур гэдэг дуу гараад, хит болж эхэллээ. Н.Лутбаяр үгийг нь бичиж, Д.Цэвээнравдан аяыг нь хийж, С.Батсүх дуулсан.  Гэтэл түүний дараахан нь миний “Завхан гол” дуу гарч, бас С.Батсүх дуулсан. Мөн “Бүүвэй ээж” гэдэг дууг нөгөө хоёр хийж, олонд хүрч эхлэх үед Ц.Бавуудорж бид хоёрын “Ээжтэй орчлон” гэдэг дуу гарч, хит болж байсан. Бас “Бадархундага” гэдэг дууг Д.Цэвээнравдан, Н.Лутбаяр хоёр хийж байгаа юм. Хийснийхээ дараа Завхандаа дуулуулсан. Хүмүүст хүрээд, улс орон даяар түгээж эхэлж байх үед бас л өрсөлдөж байгаа юм шиг Ц.Бавуудорж бид хоёрын “Дөрвөн улирлын өнгө” гэдэг дуу гарч ирээд, сүрхий хит болсон шүү дээ. Тэр үед Ц.Бавуудорж сонинд ажилладаг байсан юм. Залуухан хүү байлаа. Тэр үед шүлгийн түүврээ гаргасан юм. Түүнийг нь уншаад сууж байсан чинь нэг шүлэг байсан. Их аятайхан шүлэг байсан. Шүлгийг нь уншаад, төгөлдөр хуур дээр суусан даруйд л эхний ая орж ирсэн. Хүмүүс мэдэх байх  даа “Намрын борооноор цувгүй алхахдаа, навчнаас дутуугүй гуниг тээдэг дээ хө” гээд үгтэй. Аяыг нь хийчихээд Ц.Бавуудоржийг  “Дотор муу байна, багшдаа ганц юм аваад ороод ир” гээд дуудлаа. Тэгсэн гүйгээд ороод ирж байна. Нөгөө дуугаа сонсголоо , их гоё болж гэж байна. С.Батсүхийг дуудаад дуулуулахаар боллоо. Ятгатай бичүүлээд, дуулуулсан. Олонд ч их хүрсэн дээ. Харин сүүлд нь яагаад ч юм “Цагаан лавайн эгшиг”-т түрүүлсэн. Хоёр удаа шилдэг болсон байх шүү. Үзэгчдээс санал авч, шилдгээ шалгаруулдаг шүү дээ, “Цагаан лавай” чинь. Энэ мэтээр бид уран бүтээлээ уралдаж туурвиж байсан. Түүнээс биш өрсөлдөөд ч байсан юм байхгүй л дээ.
-Таны дуунуудыг сонсоод байхад их зөөлөн мэдрэмж төрдөг юм. Тэр орон нутгийн онцлог, танд хайрласан мэдрэмж зөөлөн байсан болохоор тэр юм болов уу?
-Хөдөө чинь хот шиг ийм их шуугиан, бухимдал алга байна шүү дээ. Их тайван. Хотод машин тэрэг холхиод, тэнд ч нэг хүн уурлаж, бухимдаад, хуралдаж цуглаад бөөн юм болж байхад хөдөөд эсрэгээрээ. Дураараа ажлаа хийгээд, тайван сууна. Гудамжинд гараад алхахаар бороо орно, нар гарна. Хотод бороо орох, нар гарахыг би нэг их мэдэрдэггүй. Орон сууцанд суучихаар тэгдэг биз дээ. Хөдөө бол огт өөр. Хавар анхны бороо орохоор сэтгэл гэгэлзэнэ, хөнгөн мэдрэмж төрнө. Хэн ч билээ нэг яруу найрагч “Хүн нь нутагтаа, нутаг нь хүндээ дурладаг хөдөө сайхан” гэж бичиж байсан. Энэ бүхэн намайг хөгжмийн зохиолч болоход, дууны ая бичихэд яах аргагүй нөлөөлсөн. Би угаасаа хөдөөний хүүхэд. Хөдөө гэрээс гараад нар тусч байхыг харахад ямар байдаг билээ. Намар хуйсагнаад, тэнгэр муудахад их сонин мэдрэмж төрнө. Би намарт дургүй мөртлөө намрын тухай уран бүтээл олныг хийсэн. Гэтэл хаварт дуртай мөртлөө тийм ч их уран бүтээл хийгээгүй. “Улиастайн хавар” гэдэг дуу хийж, С.Батсүх дуулж байсан, одоо ч залуу дуучид дуулж л байна. 10 жилийн дараа энэ дуу яваад байх юм, би мартчихсан байсан. “Ангирт нутаг” гэдэг дуу хийж байсан юм шиг байгаа юм. Саяхан телевизээр явж байна билээ. Клип хийчихсэн байсан. Яах аргагүй аяыг Ц.Жамъян гэж гарч байсан. Хэзээ хийснээ санахгүй байгаа юм. Нэг сэтгэл хөдлөөд л бичсэн хэрэг. Энэ мэтээр би хөдөө нутгийн сайхныг харж, биширч, түүгээр хөглөгдөж, өөрөө ч мэдэлгүй дуу зохиож л яваа хүн дээ.

-Та залуугаасаа л хөдөө рүү зүтгэсэн хүн. Тэр тухай олон ном, сонинд дурьдсан байдаг. Гэтэл одоо хотод нэг мөр суурьшиж байгаа юм байна. Яагаад Улаанбаатар руу яваад ирэв ээ?
-Тэр үед хөдөө рүү явахгүй бол нэг л болж өгөхгүй байсан юм. Миний найз Х.Билэгжаргал гэдэг хөгжмийн зохиолч байлаа. Тэр маань Свердловскид дээд сургууль төгссөн. Би Ленинградад суралцаж байсан юм. Бид бараг нэг жил сургуулиа төгссөн байх. Тэр үед сургуулиа төгсчихөөд ирсний дараа түүнтэй Соёлын яаман дээр тааралддаг юм байна. Тэгэхэд намайг “Чи хотод үлдчих. Хөдөө яваад юм хийж чадахгүй ээ. Хөдөө болдоггүй байхгүй юу. Би хотод үлдлээ. Чи энд юмаа хий. Энд оркестр, дуучид, радио, телевиз байна. Эргэн тойронд чинь уран бүтээлчид байна” гэж хэлж байсан. Соёлын яамны уран бүтээл хариуцсан хэлтсийн дарга нь Ц.Нацагдорж гэдэг хүн байсан. Тэр хүн ч гэсэн “Чи энд үлд. Манай яаманд нэг орон тоо байна” гэж хэлсэн ч нэг л боломгүй санагдаад хөдөө явчихаж билээ. Тэгээд тэндээ 45 жил уран бүтээлээ туурвиж, ажиллаж амьдарсан даа. Одоо бол амьдрал шаардаж байна. Хүүхдүүд бүгд энд ирчихсэн. Төрөл садангууд бүгд хот руу шилжсэн. Хүмүүстэй найзалж, нөхөрлөөд, хааяа нэг хундага юм татчихаад, дуугаа хийгээд явж байтал нэг л мэдэхэд 60 гарчихаж. Тэгээд хүүхдүүд бүгд загнаад, наашаа ир гээд байх юм. Тэгээд л аргагүйн эрхэнд Улаанбаатарт ирсэн. Хэдийгээр би хөдөө ажиллаж амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан ч нийслэлд намайг таньдаг хүн олон байдаг юм байна. Таксинд суусан ч хүн намайг таньж байна. Энэ бол миний уран бүтээлийн ач. Миний шавь С.Батсүх энд “Очирваань уулын холбоо” гэдэг холбоо байгуулсан. Эхэндээ Завханы уран бүтээлчид харьяалагддаг байсан бол одоо Монголын уран бүтээлчид хамт ажиллаж, хөдөлмөрлөж байна. Тэнд ч хааяа очдог юм. Ийм байдлаар л явж байна даа.
-Хөгжмийн зохиол, дууны ая бичихэд орчин нөлөөлөх байх. Дээрээс нь нас ч нөлөөлдөг болов уу гэж бодогддог. Одоо та дууны ая хийхдээ онолдчихож байна уу, үгүй юу?
-Онол орох гэж хэлж бас боломгүй. Хөдөө байхад арай өөр байсан. Театр дээрээ ирнэ, хөгжимчидтэй ажилллана. Өдөржин ноцолдоно шүү дээ. Бүхэл бүтэн оркестртой ажиллана гэдэг их хэцүү. Заримдаа уурлана, уцаарлана. Зарим хөгжимчнөө загнана, гомдооно. Би их олон хүн гомдоож байсан байх. Гэхдээ олон хүнд ч сайн юм хийсэн. Би Завханы Хөгжим бүжгийн сургуулийн захирлыг 14 жил хийсэн. Тэр сургуулиас олон авьяастай залуус төрж гарсан. Хөгжмийн зохиолч хүн дарга хийнэ гэдэг амаргүй юм билээ. Би эхэндээ дуртай байгаагүй. Сүүлдээ дурлаж эхэлсэн. Энэ мэтээр хөдөөд байхад байнгын санаа зовоостой. Театрт хөгжимчид маань яах бол, яаж бэлтгэх вэ гээд. Сургууль дээр ч гэсэн олон зүйлд санаа зовно. Тэр утгаараа тааваараа хөгжим бичихэд нөлөөлж байсан байх. Одоо энд тийм зүйл алга. Олон хүнтэй уулзаж, ярилцаж, тэр болгонд нэг шинэ зүйлийг олж авч байна. Гэхдээ хөдөө их ачаалалтай байсан боловч  бас тайван байсан байгаа юм. Энд хэдийгээр тайван, цаг завтай байгаа ч их бухимдалтай байдаг. Ийм ялгаа байгаа юм. Энэ бүхэн нөлөөлж байна. Нөгөө талаар одоо туршлага бий болсон байна. Гэхдээ хүн болгонд өөр өөрийн гэсэн боломж байдаг. Яруу найрагчид гэхэд үгэн далайд умбадаг. Түүнтэй адил хөгжмийн зохиолчид аяны далай дунд умбаж явдаг. Энэ дундаас аялгуу шүүрэх гэж оролдож байгаа хүмүүс гэж хөгжмийн зохиолчдыг ойлгодог. Тэгэхээр олон жил хөгжим бичихээр их боломж нэмэгддэг юм байна. Аль талаас нь харж бичих вэ гэдгийг сайн тунгаадаг болдог. Залуу байхад их дутуу дулимаг хийдэг байсан юм билээ. Нэг бүжгийн хөгжим бичлээ гэхэд бүжиг дэглээчтэйгээ ярьж байгаад зохиогоод, “за одоо болчихлоо” гээд л өгчихдөг. Сүүлд нь харж байхад олон алдаа гарсан байдаг. Одоо бол хөгжмөө бичиж байхдаа л дахин дахин шалгаж, эргэж харж байж бэлэн болгодог болж. Дархан хүн юмаа хийж тавьчихаад, харж, өө сэвийг нь олж, засдаг юм билээ. Миний аав алдартай дархан байсан. Хоймортоо мөнгөн аяга хийж тавьчихаад, жаахан харж суухаар зарим нэг дутуу зүйл нь харагдаж, засдаг байсан. Би одоо яг тийм болчихсон. Аяа ноороглочихоод, гарч цай хоолоо идээд, мартаж явж байгаад эргээд харахаар үүнийгээ ингэе, тэгье гээд л засна  шүү дээ. Залуу цагт бол шууд зохиогоод л өгнө. Нас ахихаар ийм л ялгаа гарч байна. Түүнээс биш шууд онолоор, хэдэн нотоор “хүчиндээд” ая зохиодог робот шиг болно гэж байхгүй л дээ.
-Хөгжим гэдэг 12 нотонд хязгаарлагддаг гэдэг. Гэтэл дэлхий дээр олон улс байгаа. Тэд ч хөгжим зохиож байна. Одоо 12 нотны хязгаар дуусч байгаа байлгүй дээ. Тэр дундаас яаж шинэ ая, аялгуу гаргаж авах вэ. Их сонирхол татаад байгаа юм даа?
-Би ч гэсэн залуудаа ингэж боддог байлаа. Хэзээ нэгэн цагт бүх аянууд адилхан болно доо, хүн энэ бүгдийг хийсээр байгаад дуусгана гэх маягийн юм боддог байсан юм. Гэтэл үгүй юм билээ. Зохиогоод л байвал аялгуу гэдэг хязгааргүй гүн далай. Хүн ёроолд нь хүрч чадахгүй, шанагаар хутгаж дуусахгүй тийм том далай. Нот гэдэг чинь зүгээр л тэмдэг. А, Б гээд үсэгтэй л адил. Хэдийгээр 35 үсэг байлаа гээд түүнд шүлэг хязгаарлагддаггүй биз дээ. Яг үүнтэй ижилхэн.
-Танд хөгжмийн том бүтээл. Хөгжмийн аяз хэр зэрэг ихийг туурвисан хүн бэ. Олон сайхан  дууг тань мэдэхээс бусдыг нь их бага сонсч байсан юм байна?
-Би түрүүнд хэлсэн. “Гэрэлтэй хүүхэн” гэдэг мюзикл хийсэн гэж хэлсэн. Хоёр жилийн өмнө Б.Явуухулангийн ойд зориулж хийж байлаа. Хөгжмийн мэргэжилтнүүд их өндрөөр үнэлсэн. Киноны хөгжим байгаа. 3-4 киноны хөгжим бичсэн байдаг юм. “Цагаан дуганы гэгээ” гэдэг  киноны хөгжмийг нэрлэж болно. Дууг нь хүмүүс сайн мэддэг дээ. “Цэнхэр нутгийн минь буйлс цэцэглээд, ханхар уулс суудал заслаа” гэдэг үгтэй дуу байдаг даа. Симфонид зориулсан жижгэвтэр аязууд бий. Үндэсний найрал хөгжимд зориулсан бүтээл бол олон байгаа. Ёочин хөгжимд зориулсан концерт бий. “Тэсийн голын уянга” гэдэг  найрал хөгжимд зориулсан гурван ангит зохиол бий. Тэр том концертыг үргэлжилсэн үгийн зохиолтой зүйрлэвэл тууж юм уу, романтай л дүйнэ шүү дээ.  
-Хүмүүс Н.Жанцанноров гуайн “Гэгээн алсад одох юмсан”, Б.Шарав гуайн “Сэрсэн тал”, “Өнө мөнх орон”, С.Баатарсүх гуайн “Цэнхэр залаа” гээд сайхан бүтээлүүдийг шимтэн сонсдог шүү дээ. Ер нь ард түмэн том хөгжмийн зохиолчдоос энэ мэт бүтээл нэхдэг юм шиг санагддаг. Тийм бүтээл байгаа юу?
-Намайг хөдөөгийн театрын хүн гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Би чинь нэг жалгын хүн, Монголын том хөгжмийн зохиолчидтой зэрэгцүүлж болохгүй. Завхан гэдэг тэр нутагт Ц.Жамъян гэдэг жижиг хөгжмийн зохиолч амьдарч байсан хэрэг. Гэхдээ нутаг маань надад асар их зүйл өгсөн. Яах вэ, “Цэнхэр залаа”, “Өнө мөнх орон”, “Мандухай” шиг тийм аялгуу надад байхгүй. Байхгүй ч гэж дээ,  хөдөө амьдарсны гавьяа тэр. Хот, хөдөөгийн ялгаа, Х.Билэгжаргал найзын маань хэлсэн зүйл ингэж л гарсан хэрэг. Хотод байсан бол нэг хөгжимчинд өгөөд аялгуугаа тоглуулж болно. Цаашлаад радиод бичүүлээд, хүнд хүргэх боломжтой. Хөдөө би Завханыхаа театрт л тоглуулна биз дээ. Тэндхийн үзэгчид үзээд л гарна. Ердөө л ийм ялгаатай. Монголын радио гэж нэг буянтай газар хөдөөний уран бүтээлчдийн бүтээлийг ард түмэнд хүргэж байсан. Хааяа хөдөөгүүр явж, зохиол бүтээлийг нь бичиж авна. Жилдээ нэг удаа ч юм уу. Тэр үед таарвал бүтээлээ бичүүлнэ. Хэрвээ таарахгүй бол 30, 40 жил ч хөдөөнөө л байна. Тэндээ хөгжмөө бичээд, төгөлдөр хуураараа тоглоод, ганц нэг хүн түүнийг нь сонсоно. Сайндаа л нэг хөгжимчин театрт тоглож, 200 хүн сонсоод, алга ташаад өнгөрнө.  Түүнээс биш надад хүмүүсийн сонсоод, дурлаад байгаа шиг хэмжээний аязууд байгаа. “Тэнгисийн эрэг дээр” гэдэг ая байдаг. Түүнийг манай Завханы хөгжимчид тоглуулах их дуртай байсан. Хүмүүс ч их сонсох дуртай байдаг. Энэ мэтээр дурьдаад байвал бий бий.
-Одоо  бас  ч  гэж орой­тоогүй бай­на. Хөгжмийн бүтээлээ бичүүлээд, олонд хүргэх санаа байна уу?
-Зарим нэгийг нь бичүүлж л байна. Гэхдээ голдуу дуу хийх санаатай байгаа. Залуучууд дуу их нэхэх юм. Одооны залуу дуучид өөрийн гэсэн дуутай болох хүсэлтэй болчихож. Хүний дуу дуурайж дуулахгүй байхыг хичээж байна гэж ярьж байна. Өөрөө дуугаа бүтээгээд, дуулаад, өмч болгох талаар ч ярьдаг болж. Ер нь оюуны өмч гэдэг аяндаа өмчлөгдөх тал руугаа явж байх шиг байна. Заавал хууль дүрэм гэлтгүй.
-Хэдэн дуу хийчихвэл амьдрал ахуйд хэрэгтэй юм даа. Том хөгжмийн бүтээл бичсэнээс илүү байх. Тэр утгаараа дууны уран бүтээл рүү түлхүү ажиллах санаатай байгаа юм уу?
-За даа, үгүй гэж арай хэлж чадахгүй байна. Яах аргагүй амьдралын шаардлага шүү дээ. Хүмүүс дууны захиалга өгөхөөр түүнийг нь авах юм даа. Хүн санал болгоно. Нэг залуу 500 мянган төгрөг өгье гээд шүлэг бариад ирж л байна. Би ая зохиож өгөөд  мөнгийг нь авсан. Гэх мэтээр л ажиллаж байна шүү дээ.
-Таны дуунууд ид хит болж байх үед худалддаг байсан уу?
-Миний ихэнх дууг С.Батсүх дуулсан. Тэр миний шавь учраас зарна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тэр үед чинь ийм ойлголт ч байгаагүй. Хамгийн гол нь С.Батсүх маш сайхан дуулж байсан. Монголын дууны урлагт Г.Хайдав, Жаргалсайхан гээд үгийн мастерууд байлаа. Одоо С.Батсүхийг гүйцэх үгийн мастер алга. Дуу дуулахдаа маш их ажиллана. Ямар үгийг яаж хэлэх вэ гэдгийг их нарийн гаргана. “Байна” гэдэг үгийг хэлэхийн тулд хэдэн янзаар туршиж үздэг дуучин шүү дээ, С.Батсүх.  Тийм учраас С.Батсүхийн дууг сонсоход, хүнд юм ярьж өгч байгаа юм шиг дуулдаг, тийм агуу дуучин. Одоо дахиад С.Батсүх шиг дуучин төрөх болов уу гэж би боддог. С.Жавхлан энэ тэр гээд сайн дуучид байна. Гагцхүү дууны үгийг тэгж тод хэлдэг, үгийн мастер дахиж төрөхгүй байх.
-Саяхан “Монгол сонгодог” гэдэг тоглолт боллоо. Сонгодог гэж хэлэхийн тулд ямар шалгуурыг давах ёстой вэ. Өнөөдөр Монголд сонгодог бүтээл байна уу?
-Сонгодог гэдэг ойлголт жүжиг, уран зохиолоос эхэлж гарсан. Сонгодог жүжиг бичих дүрэм журам гэж байсан. Сонгодог жүжгийн зохиол гэхэд нэг цагийн дотор үйл явдал нь багтах, нэг байран дээр очих ёстой гэсэн журмууд байсан. Тэр дагуу л бичиж байсан юм билээ. Тэр ч утгаараа чанартай болдог байж. Зохиолчид хамгийн мэргэжлийн төвшинд жүжгээ бичиж, найруулагч нь мэргэжлийн төвшинд тавьдаг байж. Үүнээс л үүссэн хэрэг. Дараа нь хөгжим рүү орохоор Чайковский, Гленк ч байдаг юм уу хүмүүс яг тийм хэлбэрээр бүтээлээ бичдэг байж. Бас л дүрэм журамтай. Нэг аялгуу тэнд хүрээд зогсох ёстой. Тэндээсээ цаашаа иймэрхүү маягаар үргэлжилнэ гэх зэргээр дүрэмтэй. Ингэж л сонгодог болж байсан хэрэг. Манайд сонгодог байна. С.Гончигсумлаа, Д.Лувсаншарав, Л.Мөрдорж гуайн зохиол сонгодог шүү дээ. Жишээ нь, С.Гончигсумлаа гуайн төгөлдөр хуурын зохиолуудыг сонгодог гэж хэлэхээс өөр арга байхгүй. “Жаргаах зүрхэн” гэдэг дууг сонгодог гэж хэлэхээс өөр аргагүй. Дарамзагдын “Өргөн Сэлэнгэ” гэдэг дуу байна. Бас л сонгодог.  Одоо дуучин Б.Ариунбаатарын хийж байгаа төсөл маш зөв. Нэгэн үе Орос л бол сонгодог гэж ойлгодог байсан. Одоо ч бараг тэр хэвээрээ байгаа. Энэ ойлголтыг эвдэж, Монголд сонгодог байгаа юм байна гэдгийг мэдрүүлж, ойлгуулж байгаа нь зөв. “Учиртай гурван толгой” арга байхгүй сонгодог. Энэ мэтээр олон сонгодог бүтээл байгаа. Үүнийг бид ард түмэнд, хүмүүст ойлгуулах хэрэгтэй.
-Танд сонгодог бүтээл байна уу?
-Надад сонгодог бүтээл байгаа. Киноны хөгжим, томоохон хэмжээний хөгжмийн бүтээлүүд дотор сонгодог гэж хэлэхээр хэдэн юм байгаа. Дууны уран бүтээлээ оруулахгүйгээр шүү. Тэр энэ гэж нэрлээд яах вэ, дэмий байх.
-Та Завханд морин хуурын чуулга байгуулж, 999 морин хуурчийн тоглолт зохион байгуулсан байх аа?
-Миний анхны тоглолт болж байх үед “Морин хуурын чуулга” оролцож байлаа. Тэр үед л би аймагтаа ийм чуулга байгуулъя гэж бодож байсан. Тэгээд нутагтаа очсон чинь Хөгжим бүжгийн сургуулийн захирал болгосон. Тэр үеэс морин хуурынхаа ангид бодлогоор хүүхэд авч, бэлтгэж эхэлсэн. Тэгж явсаар 2003 онд Морин хуурын чуулга байгуулсан юм. Тэр үеэс Монголдоо олон газар тоглосон. Солонгос руу явж тоглож байлаа. Улаанбаатарт тайлан тоглолтоо хийж байлаа шүү дээ. Хамгийн сүүлд 999 морин хуурчийн тоглолт зохион байгууллаа.
-999 морин  хуурчийг бэлтгэх гэж нэлээд их хөдөлмөрлөсөн биз?
-Багагүй ажил болж байж 999 морин хуурч авчирсан. Тухайн үед аймгийн Засаг дарга Я.Санжмятав байсан. Засаг дарга дээр ороод, чуулгаа өргөжүүлмээр байна гэсэн хүсэлт тавьсан. Тэгэхдээ өөрийнх нь нэрэмжит болгоё гэсэн. Хэд хэдэн удаа орсон, дэмжсэн. Ингээд л 999 морин хуурчийг тоглуулсан. Морин хуур тоглож чаддаг хүүхэд, залуусаа цуглуулаад байсан 1000 гарчихсан юм. Тэндээс шигшээд 999 хүүхэд авчирсан. Тийм олон хүүхдийг бэлтгэж, цуглуулах гэж нэлээд юм болсон. Олон сумдад бэлтгэсэн. Хэд хэдэн суманд жижиг чуулга байгуулагдсан. Гэх мэтээр их ажил өрнөж байж энэ ажлыг хийсэн юм.
-Хотод орж ирээд амьдрал ямар байна?
-Би ирээд хоёр сар орчим л болж байна. Яах вэ, амьдарч болох юм байна. 1.3 сая хүн амьдарч байгаа энэ хотод идээшихгүй гээд яахав. Үр хүүхэд, уран бүтээлийн найз нөхөд маань энд байна. Хөдөө байхдаа утсаар ярьж, харилцдаг байлаа. Одоо бол төгөлдөр хуураа тоглоод л, дууныхаа аяыг бичээд байж байна. Өчигдөр гэхэд нэг шинэ дуу хийснээ чамд хэллээ шүү дээ. Түүнээс гадна нэлээд хэдэн шүлэг байгаа. Түүнийгээ дуу болгоно. Түүнээс гадна зарим найруулагч нар ярьж байна. Том том найруулагчид жүжиг, кино хийж магадгүй шүү, мэдэж байгаарай гэж захиж  байна аа.
-Одоо л зах зээлд уран бүтээлээ жинхэнэ утгаар нь үнэлүүлж, үнэлэгдэж эхлэх боломж гарч ирж байна шүү дээ?
-Би Завханд байхдаа хотод гурван ч удаа тоглолт хийж байсан. Тэр утгаараа уран бүтээлээ тодорхой хэмжээнд үнэлүүлж явсан. С.Батсүх тоглолтыг маань зохион байгуулж байлаа. Олон найз нөхөд ч оролцож байсан. Тэр үеүдэд тасалбар их сайн борлогддог байсан юм. Жишээ нь, 1997 онд би тоглолтоо хийж байлаа. Тэр үед Балдан-Очир гэдэг бизнесмэн залуу тоглолтыг маань ивээн тэтгэж байсан. Сүүлд УИХ-ын гишүүн болсон доо. Тэр надтай уулзаад, П.Адарсүрэн, С.Батсүх та гурвын тоглолтыг хийнэ гэсэн. Тэгээд намар нь ирээд тоглолтоо хийх гэсэн чинь П.Адарсүрэн маань олддоггүй. Архи уугаад явчихгүй юу. Тэгээд С.Батсүх бид хоёрын тоглолтыг хийж байлаа. Хоёр өдөр тоглоно гээд зарлуулж байсан. СТӨ-нд тоглож байсан юм. Тоглолт болох өдөр цас бурагнаад, цаг агаар тааруу байсан. Тэр үед хүмүүс нэг их тоглолт үзэж явдаггүй байлаа. С.Батсүх над дээр ирээд “Багшаа яана аа” гэж ирээд л санаа зовоод байсан. Би нэг заваараа СТӨ-ний билетийн касс дээр очоод асуусан чинь “Таны тоглолтын билетээс 600 орчим зарагдсан” гэхээр нь дотор уужраад явчихаж байгаа юм. СТӨ 1000 хүний суудалтай байх аа. Тэгээд одоо хүн ирэхгүй ч байсан яах вэ гэж бодож байлаа. Орой нь тоглолт эхлэхэд бүх билет дууссан. Түүнд нь урамшаад, маргаашийн тоглолт хүнгүй ч байсан яадаг юм гэж бодож байлаа. Гэтэл маргааш нь ч бас суудал дүүрээд, олон хүн үзэж байлаа. Энэ мэтээр бүтээлээ үнэлүүлж, ард түмэндээ үнэлэгдэж явсан үе бий. Одоо ч тэгж үнэлэх байх аа.

Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй