Ц.Элбэгдорж: Монгол Улс зургаан талт хэлэлцээрийг нутагтаа явуулахад бэлэн
2012 оны 11 сарын 21
Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ, Япон, АНУ, ОХУ, Европын холбоо, БНХАУ-ыг оролцуулсан зургаан талт хэлэлцээрийг эх орондоо явуулахад бэлэн гэж мэдэгдсэн гэсэн мэдээллийг цацаж байна.   
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бокийг хүлээн авч уулзах үедээ “Нэгд төрийн өндөр дээд хэмжээний айлчлал чухал байна. Үүнтэй холбогдуулан БНАСАУ-ын дээд удирдлага, Батлан хамгаалах хорооны тэргүүн дарга Ким Жөн Унийг Монгол Улсад хүлээн авахад бэлэн байна. Хоёрт эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, байгалийн баялгийг хамтран ашиглах, түүнд зориулсан дэд бүтцүүдийг байгуулах, хоёр талын түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох юм. Мөн худалдаагаа нэмэгдүүлэх, ажиллах хүчин солилцох, далайн тээврийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, аялал жуулчлал, шинжлэх ухаан, технологийн гээд олон салбарын харилцааг хөгжүүлэх боломжтой. Гуравт Монгол Улс БНАСАУ-ын зүгээс тавьж буй саналд анхаарал тавьж ажиллана. Иран Улсын Тегеран хотноо энэ оны 8 дугаар сард болсон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтын үеэр би БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намтай уулзах үеэр ярилцсан. Энэ үеэр хүнсний тусламжийн асуудлыг хөндөн ярьсан бөгөөд хэрэгжүүлэх асуудлыг Засгийн газар судалж байгааг хэлье. Ер нь аль нэг талд нь хүндрэл учрахад бие биедээ туслах нь зөв зүйтэй юм гэж үздэг. Дөрөвт Солонгосын хойгийн асуудал эв зүйгээр, энх тайвны замаар шийдэгдэж зохицуулагдах ёстой. Энэ бол Монгол Улсын уламжлалт байр суурь. Солонгосын хойгийн асуудлаар зургаан талт хэлэлцээний оролцогч тодорхой талуудыг Монгол Улсын нийслэлд хүлээн авч уулзуулах ажилд тусалж дэмжихэд бэлэн байна. Сая манай санаачилгаар БНАСАУ, Японы талын төлөөлөгчид Монголд ирж ийм уулзалт хийсэн. Ийнхүү уулзалтаа сэргээсэнд баяртай байна” хэмээн мэдэгдсэн юм.
Эх сурвалж: www.mminfo.mn
Х.Сайхан
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй
Сэтгэгдлийг ачаалж байна ...