Энэ улс оронд юу болоод байна вэ?
2012 оны 8 сарын 2
Ингэж хэн хүнгүй бие биеэсээ асууж байна. Өчигдөр хаа сайгүй хүмүүс юу болоод бай­­гааг ойлгохоо болилоо гэц­гээж байна. Нэг телевизээр шүү­хийн процесс шууд л гарч байх юм. Хүмүүс хүний мууд дуртай хойно олимпоос илүү түүнийг үзэж байна гэж  жигтэйхэн. Нэг маань ч гэ­сэн медаль аваасай хэмээн дээ­лийн захыг нь мушгихын оронд хүний мууд дурлан ял өг­­чих вий хэмээн залбиран үзэх. Уг нь хөгжингүй орнуудад шүүг­чийг хурал удирдаж байх үед нь телевизийн дэлгэцээр дүү­рэн гаргаж харуулах нь бай­ту­гай, хальт ч харуулдаггүй юм билээ. Их Британи улсад гэ­хэд л шүүхийн мэдээг харуу­лах­даа шүүгчдийн дүрсийг та­ниулахгүйн тулд зураасан зур­гаар дүрслэн гаргаж харуулдаг юм билээ. Учиртай л байж таа­раа биз дээ. Ял аваад шоронд явж байгаа хүмүүс шүүгчдийг байн­га заналхийлдэг гэдэг. Үнэн биз. Аюулгүй байдал гэж байх ёстой баймаар.
Нөгөөтэйгүүр сар гаруйн өм­нө болсон сонгуульд Ардчилсан нам олонхи болоод УИХ-ын дар­гаа сонгосон байдаг. Ард түм­ний сонголтоор УИХ-д суух ёстой гишүүдийг элдвээр ороож байгаа нь үнэхээр хачир­хал төрүүлэм. Н.Энхбаяр гэдэг хү­нээс болоод урвагчдаас бүрдсэн “Шу­дарга ёс” гэдэг гоё нэртэй эвс­лийнхэн гурван гишүүнийг тан­гараг өргүүлэхгүй барьж бай­гаад өчигдөр хоёрыг нь өр­гүүл­лээ гэнэ үү. Тэгээд нэгийг нь Н.Энхбаярыг ял авах эсэхээс ха­маарч үлдээж байгаа гэнэ. Өвөрхангайн 50, 60 мянган сон­гогч хоёр гишүүнээ УИХ-д суу­хыг нүдээ хөхөртөл харж бай­даг. Энэ нутгийнхан сунгалт биш сонголт хийж, С.Чинзориг, Н.Тө­мөрхүү нарт саналаа өг­сөн байтал тэднийг нэг том нөх­рийн гар барьж аваад, өөрөө ард түм­ний итгэлийг хүлээгээгүй байж, УИХ-д сууна гээд ичих ч үгүй гүйж яваа гэх. Энэ ард түмний сонголт гээч юм байх­гүй болсон хэрэг үү. Эсвэл сон­гууль явуулахаа болимоор юм.
Ардчилсан намынхан олонхи болж, хэнтэй хамтрахаа арай ядан шийдтэл бас л нөгөө Н.Энх­баяр гэдэг хүнээс болоод гац­сан гэв үү. Шүүх түүнд ял өг­вөл засагт хамтрахгүй гэсэн гэ­нэ үү. Хэрэг хийсэн бол ялаа үүрээд, хийгээгүй бол СЕХ-ных­ны хэлснээр нэр дэвших эрх­гүй байсан учраас номоо би­чээд гэртээ суух хэрэгтэй бус уу гэж зөвлөмөөр санагдах юм. Ардчилсан нам засгаа бүр­дүүлэх гээд ацан шалаанд ор­чихоод явж байхад Ардын на­мын Засгийн газар хээвнэг ху­рал­даад томилгоо хийгээд бай­даг. Арай дэндэж байгаа бус уу, энэ бүхэн. Ард түмэн ч зал­хаж байна. Гээндээ ч бий, гоон­доо ч бий гэгчээр АН, МАН хэмээх хоёр том намын аль алинд нь буруу бий. Нэг нь засагт хамтраагүйн уураа янз бүрийн хэлбэрээр гаргаж байна гэж олон хүн үзэж байна. МАН-ынхан ээлж дараалан ярилцлага өгөхдөө шууд ба шууд бусаар өмнө нь хамтарч болоод байсан одоо хамтраад үргэлжлүүлээд ажлаа хийхэд яах вэ дээ хэ­мээцгээж байна. Ц.Нямдорж гуай өчигдөр сонинд өгсөн ярилц­лагадаа засаг байгуулах гээд байгаа намууд нийлээд 45 хүрэхгүй, өмнө нь ядаж 60 ги­шүүн­тэй байж хамтарч засаг бай­гуулж байсан хэмээн энгийн тоо хэлжээ. Энэ нь манайхтай хам­тарч байж хүчтэй байна гэ­сэн санаа биш үү.
Ардчилсан намынхан хатуу­хан хэлбэл нам нам дамжсан урвагч, шарвагчидтай нийлж засаг байгуулах гэсэн ч эхнээсээ бүтэлгүйтэж байх шив. Цаашид ч иймэрхүү байхыг хэн мэдлээ. Тэгээд ч ямар дуулгавартай сө­рөг хүчинтэй ч биш. Яалтай ч билээ, Ардчилсан намынхан. Гэх­дээ ямар ч байсан нэг хатуу шийд­вэр гаргах хэрэгтэй болж. Н.Алтанхуяг дарга эр хүний холч ухаан, улс төрийн мэдрэмжээ одоо л харуулах цаг болсон бус уу. Зөвшилцөхгүйгээр цаашид явах­гүй нь тодорхой хойно ши­рээний ард суух л хэрэгтэй болж. Энэ байдлаар цаашилбал, яар­вал даарна гэгчээр улам л хүнд байдалд орж ч магадгүй. На­мар ч боллоо, тариа ногоо­гоо хураах, хүүхдүүдээ сур­гуульд оруулах, өвөлжилт, нө­­гөө аймшигт утааны улирал өнөө маргаашгүй эхэллээ. Ерөн­хийлөгч ч ирлээ. Засгаа бай­гуулж, улсаа бодмоор юм.  Гэ­тэл Н.Энхбаярын шүүх хурал да­хиад хэдэн өдөр үргэлжлэх нь тодорхойгүй байна. Тав зур­гаан хэрэгт холбогдуулан шүүж бай­гаа ч дөнгөж хоёр дахь дээр нь явж байна. Энэ байдлаар бол энэ долоо хоног бас гацаатай хэ­вээр дуусах нь. Уг нь манай хэд олимпод тийм ч муугүй бай­на. Медаль авч чадаагүй ч ялаад л байгаа. Хүрэл медаль­тай боллоо, удахгүй мөнгө, алт ирнэ. Тэр цагт засгаа бай­гуул­чихсан, бүгдээрээ нам эв­сэл гэхгүй, гомдол нэхэлгүй ме­да­лиа угаагаад Сүхбаатарын тал­бай­даа баярлах юмсан даа.

Б.Саран
Эх сурвалж: www.mminfo.mn
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй