Цалингийн дундаж хэмжээ 630 мянгад хүрчээ
2012 оны 5 сарын 5
-Та ийм хэмжээний цалинг сард авч чадаж байна уу?-

Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэвэр нэмэгдүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Энэ талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “Ахмадуудын тэтгэврийг 2 дугаар сарын 1-нээс эхлэн 35 мянган төгрөгөөр, 5 дугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, 2012 оны төсөвт тусгасан. Мөн үүний зэрэгцээ УИХ-ын хаврын чуулганаар тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулж тэтгэврийн зөрүүг арилгах  шийдвэр гаргасны дагуу Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн баталлаа. Ингэхдээ 1995 оноос өмнөх хугацааны цалин хөлс, орлогоо сонгон тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийн хэмжээг дээрх  хуульд орсон өөрчлөлтөөр 1995 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн эрхэлж байсан ажил албан тушаал, шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн нөхцөл  ижил иргэдийн тэтгэврийн хэмжээтэй тэнцүү байхаар дүйцүүлэн гаргалаа. Үүний дагуу тэтгэвэр нь янз янзаар нэмэгдэж, хамгийн багадаа 23 хувь, зарим хүнийх 3 дахин нэмэгдэж байгаа тохиолдол бий. Тухайлбал 1987-1991 оны цалингаас бодож тэтгэврээ тогтоолгосон автобусны жолоочийн тэтгэврийн хэмжээ 140300 төгрөг байсан бол одоо 282.0 мянга болж хоёр дахин нэмэгдэж байгаа. Энэ удаагийн Засгийн газрын шийдвэрээр ижил төстэй мэргэжлийн хүмүүсийн тэтгэврийн зөрүүг үндсэндээ бүрэн арилгасан гэж хэлж болно. Үүнээс гадна хуралдаанаар бүрэн тэтгэврийн доод хэмжээг 180300-аар тогтоосон. Харин хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 145200 болгож өөрчиллөө. Цалингийн тухайд энэ оны 2 дугаар сарын 1-нээс 80 мянгаар төгрөгөөр, 05 сарын 1-нээс эхлээд 23 хувиар нэмэгдүүлж, дунджаар төрийн албан хаагчийн цалин 53 хувиар нэмэгдэж, Монгол Улсын хэмжээнд цалингийн дундаж хэмжээ 630 мянга болж байгаа юм” хэмээсэн. Ямартай ч Монгол Улсад дундаж амьдралтай хүн сардаа 630 мянган төгрөгийн цалин авах бололтой.

Э.Мөнх

Эх сурвалж: www.mminfo.mn
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй
Сэтгэгдлийг ачаалж байна ...