Эмийн замбараагүй хэрэглээ нь эдийн засагт ч, эрүүл мэндэд ч ихээхэн хохирол учруулдаг
2012 оны 4 сарын 10
Эмийн замбараагүй, зүй зохисгүй хэрэглээ хэрээс хэтэрч, иргэд эмийг хоол хүнс шигээ “идэх” болсон. Эмийн санчид ч эмчийн жор нэхэлгүйгээр иргэдэд эмийг хүссэн хэмжээгээр нь олгодог. Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эрүүл мэндийн газрын даргын “Хэлтэс төвийн үйл ажиллагааг сурталчилах тухай” 2012 оны 54 дүгээр тушаалын дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 2-14-ний өдрийг хүртэл Эмийн зохицуулалтын үйл ажиллагаанд мөрдөж буй хууль эрх зүйн баримт бичгийг сурталчилах аяныг зохион байгуулж байна. Эл аяны хүрээнд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийг сурталчилах, эмийн зохистой хэрэглээний талаархи мэдлэгийг олгох зэрэг ажлыг хийж байна. Дашрамд дурьдахад, өнөөдөр Монгол Улс антибиотекийн хэрэглээгээрээ 40 хувьтай байгаа юм билээ. ДЭМБ-ын гаргасан судалгаанаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 2/3 нь тухайн өвчний шалтгаан, гарал, үүслээсээ шалтгаалаад антибиотикийн эмчилгээг заавал хийлгэх шаардлагатай байдаг аж. Харин өвчин нь хүндрээгүй, дөнгөж эхэлж байгаа хүмүүс антибиотекийн талаар мэдлэггүй, дээрээс нь өөрийнх нь биед хэрхэн нөлөөлөх зэргийг мэддэггүйгээс буруу эм хэрэглээд байгаа юм. Эмийн зохистой хэрэглээ, эмийг хэрхэн хэрэглэх ёстой талаар зарим эмнэлгийн удирдлага, эмч, мэргэжилтнүүдийн сэтгэгдлийг сонслоо.
 
ЯТТ-ийн Чанарын албаны дарга Д.Мөнхцэцэг: Иргэд эмийг хоол хүнс шигээ хэрэглэхээ болих хэрэгтэй
-Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцэх нь бүх нийтийн асуудал. Иргэд өөрсдийнхөө эрүүл мэндэд ашиг тустай, эмийн хэрэглээгээ зөв хэвшүүлэх, гэр бүлийнхнээ эмэнд дасалтай нянгаас хамгаалахад нь туслах ёстой. Ер нь нийт иргэддээ хандаад хэлэхэд антибиотек болон бусад эмийг хэрэглэхдээ заавал эмчийн заавраар, жорын дагуу хэрэглэх ёстой. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь маш чухал байна. Эмийн зохисгүй хэрэглээнээс үүдэж хордлогод орох, санаатай их хэмжээгээр эм ууж амиа хорлох гэсэн дуудлага манайд ирж байгаа дуудлагын тодорхой хувийг эзэлдэг. Гэхдээ нэг их тохиолдоод байхгүй. Хамгийн гол нь иргэд шууд эмийн сан руу ороод л хоол хүнсээ авч байгаа юм шиг эмийг авдаг. Үүнтэй холбоотойгоор эмийн хордлого, гаж нөлөө их гардаг. Тиймээс манай ЯТТ-өөс дуудлагаар очиж байгаа эмч бүр иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхийн тулд ухуулга, яриа хийж хэвшээд байна. Мөн иргэд эмийн хэрэглээгээ зөв зохистой болгож, буруу дадал хэвшлээсээ салах хэрэгтэй гэдгийг дахин хэлмээр байна.

Нийслэлийн III амаржих газрын Сувилгааны албаны дарга Ц.Одончимэг: Жирэмсэн үедээ эмийг хэтрүүлэн хэрэглэснээр урагт гаж нөлөө үзүүлдэг
-Манай III амаржих газар зургаан тасагтай. Тасаг болгон жирэмслэлттэй холбоотой эмийн зохистой хэрэглээний талаар ээжүүдэд эрүүл мэндийн боловсрол олгодог. Тухайлбал, хөхний сүүгээр ялгарч урагт сөрөг нөлөө үзүүлдэг эм бий. Мөн жирэмсэн үед ямар эм хэрэглэх вэ, ихсээр дамжаад ямар эм урагт наж нөлөө үзүүлэх вэ гэдгийг анхааруулж, зөвлөдөг. Манайх өмнө нь антибиотек хэрэглэсэн хүн бүрийн антибиотек мэдрэх чанарыг үздэггүй, дотроо бактерлоги лаборатори байхгүй учир хувийн бактерлоги лабораторид үзүүлдэг байсан. Харин одоо нийслэлийн Баянзүрх дүүргийн лабораторитой гэрээ хийгээд бүх ээж нарт зориулж, антибиотек мэдрэх чанарыг нь үзэж антибиотек хэрэглэх эсэхийг нь шийдвэрлэж байна. Мөн жирэмсэн эмэгтэйчүүддээ хандаад хэлэхэд эмийн хэрэглээндээ хяналт тавьж, болж өгвөл эм хэрэглэхгүй байхыг сануулж байна. Хамгийн гол нь манай эхчүүд левометицин, индометацин, тетрациклин зэрэг эмийг их хэрэглэдэг. Гэтэл энэ нь хөхний сүүгээр дамжиж хүүхдэд гаж нөлөө үзүүлдэг. Тийм учраас эхчүүд, эмэгтэйчүүд минь эмийн хэрэглээг бууруулж, зайлшгүй шаардлагатай эмийг эмчийн заавраар хяналттай хэрэглэх л хэрэгтэй байна.

П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн Уушгины эмгэг судлалын тасгийн эрхлэгч Ц.Төмөрочир: Эмийн замбараагүй хэрэглээ эрүүл мэнд, эдийн засагт хор хөнөөлтэй
-Ер нь хөгжлийн хувьд буурай, хөгжингүй орнуудад эмийн бизнес маш их, иргэдийн эмийн хэрэглээ замбараагүй байдаг. Тэдгээр орнуудын нэг нь манай орон юм. Эмийн хэрэглээ замбараагүй байна гэдэг нь иргэдийн боловсролын төвшин, эмийн мэдлэгийн төвшин тааруу байгааг илэрхийлж байгаа юм. Манай эмнэлэгт байнга хэвтэн эмчлүүлэгчдийн дунд хийсэн судалгаагаар нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 70-аас дээш хувь нь гэрээрээ дур мэдэн эмчилгээ хийж, өвчнөө хүндрүүлсэн байдаг. Тэгэхээр монголчуудын замбараагүй хэрэглээ, уламжлалт сэтгэлгээнээс салахгүй байгаа энэ байдал нь эмэнд дасалтай нянг олноор нь бий болгож, эмчилгээний үр дүнг устгаж байгаа юм. Ер нь иргэд эмчийн заавраар аливаа эм, антибиотекийг хэрэглэх хэрэгтэй. Мөн эмийн замбараагүй хэрэглээ нь тухайн хүний эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг төдийгүй хамгийн харамсалтай зүйл нь эрүүл мэндээрээ хохирох явдал юм. Тиймээс замбараагүй хэрэглээгээ засах хэрэгтэй л гэж хэлмээр байна даа.

УКТЭ-ийн дарга Б.Бямбадорж: Бактерлогийн лаборатори маш их хэрэгтэй
-Энэ бол дэлхийн нийтийн хэмжээнд үнэхээр тулгамдсан асуудал болоод байна. Мөн манай улсад хэрэглэгдэж байгаа эмийн чанарын асуудал сэтгэл зовоосон асуудлын нэг. Түүнчлэн манай дээр оношлогдсон зайлшгүй нянгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай хүнийг оношлохын тулд оношлогооны чадамж маань ямар билээ гэдгийг бодох хэрэгтэй. Учир нь УКТЭ дээр өнөөдөр бактерлогийн буюу нян судлалын лабораторийн одоо хэрэглэж байгаа тоног төхөөрөмж үнэхээр хоцрогдсон байна. Үүнийг сайжруулахын тулд 300 гаруй сая төгрөг шаардлагатай. Үнэхээр эмэнд тэсвэртэй нян байгаа эсэхийг тэр лабораторит оношлоод хариу нь гарсны дараа тухайн нянгийн эсрэг эмчилгээ хийдэг. Нянгийн эсрэг эмчилгээ хийхэд хэрэглэж буй эмийн чанарт манай мэргэжлийн эмч нар нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Яагаад гэвэл гадаадын улс орнуудад нэг антибиотекийг 2-3 хоногт хэрэглээд үр дүнгээ өгч байхад манайд 2-3 сар хэрэглэсэн ч үр дүн өгөхгүй байх тохиолдол байдаг. Ер нь анхан, дунд шатны эмнэлэгт эмчлээд болохоо байчихсан хүн л III шатлалын эмнэлэгт ирж байгаа. Гэтэл өмнө нь эмчилж байсан эмээр нь дахиад тэр хүнийг эмчлээд байхаар үр дүн муутай л байна. Иргэдийн хувьд эмийн замбараагүй хэрэглээгээ болих хэрэгтэй. Эмнэлгийн хувьд стандартын дагуу нянгийн үйлчлэлийг тогтоосны дараа тухайн нянг устгах чадалтай эмийг хэрэглэх нь зүйтэй юм.  

Э.Мөнх

Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй