Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрх судасны өвчин болж байна
2012 оны 3 сарын 13
Манай улсад хорт хавдрын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг холбогдох албаныхан хэлж байгаа. Тиймээс өсвөр насны охидыг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх дархлаажуулалтад өчигдрөөс эхлэн хамруулж байгаа. Дархлаажуулалтын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан ЭМЯ, ЗГХА-ЭМГ-ынхан мэдээлэл хийсэн. Энэ үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын дэд дарга Ц.Хун зүрх судас, чихрийн шижин өвчний өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм.

…Халдварт бус өвчин гэж амьдралын хэв маяг, зан үйлийн буруу дадал, хэвшлээс үүдэлтэй өвчин эмгэгийг хэлдэг. Монгол Улсад сүүлийн жилүүдэд нийгэм, соёл, ахуй амьдралын хэв маяг, зан үйлээс хамааран зүрх судас, чихрийн шижин өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байна.

Тухайлбал, 2010 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр амбулаторит бүртгэгдсэн өвчлөл  10 000 хүн амд зүрх судасны тогтолцооны өвчин -708.5 (үүнээс цусны даралт ихсэх өвчний тархалт- 300.3, зүрхний ишеми өвчний тархалт-177), хорт хавдар-121.9 (үүнээс элэгний хорт хавдрын тархалт- 13.7,  умайн хүзүүний хорт хавдрын тархалт- 14.6, хөхний хорт хавдрын тархалт-8.2), чихрийн шижин өвчин- 29.4 байна. Түүнчлэн хүн амын нас баралтын эхний 5 шалтгаанд 10 000 хүн амд зүрх судасны өвчин -(23.61), хавдар –(13.02), өвчлөл ба нас баралтын гадны шалтгаан (10.11),  хоол боловсруулах тогтолцооны өвчин- (5.30),  амьсгалын тогтолцооны өвчин- (2.72)  орж байна. Тамхи татах, архи уух, артерийн даралт өндөр байх, цусан дах глюкоз ихсэх, таргалалт, хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт зэрэг эрсдлүүд нь зүрх судасны эмгэг, тархины цус харвалт, чихрийн шижин өвчинд хүргэдэг. 2009 онд хийгдсэн “Халдварт бус өвчин осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа”-гаар хүн амын 27.6 %  тамхи татдаг, нийт хүн амын 38.6% сүүлийн 1 сард архи, согтууруулах ундаа хэрэглэдгийг тогтоосон.

Мөн тус судалгаагаар 15–64 насны хүн амын гуравны нэгээс дээш хувь нь илүүдэл жинтэй буюу таргалалттай,  нийт хүн амын 7.5 хувь хөдөлгөөний хомсдолтой байгааг тогтоожээ. Эдгээр халдварт бус өвчнийг үүсгэдэг хүчин зүйлс хэдий чинээ олон байна зүрх судасны өвчин, чихрийн шижингээр өвдөх магадлал төдий чинээ өндөр байдаг.  Хэрвээ та эрүүл хооллож, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэж, биеийн жингээ хэвийн хэмжээнд барьснаар зүрх судасны эмгэгийг 80 хувь, 2-р  хэв шинжийн чихрийн шижинг 90 хувь, хорт хавдрын өвчлөлийг 30 хувиар бууруулах боломжтой юм.

Цаашдын хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
Зүрх судасны болон чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг олон нийтийн оролцоог ханган үндэсний хэмжээнд зохион байгуулах шаардлагатай юм. Үүнд:

Орон нутгийн өөрсдийн онцлог, эрэлт хэрэгцээ дээр үндэслэн мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах;

Шийдвэр гаргагч нарт зориулан зүрх судас, чихрийн шижин  өвчнний эрсдэлт зүйл болох архи, тамхины хэрэглээг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бодлого, төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх талаар ухуулга нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах;

Хүн амын дунд тамхи, архины хор хөнөөл,  идэвхтэй хөдөлгөөний ач холбогдол, хийжүүлсэн ундаа, өөх тос, давсны агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах, бууруулах талаар мэдээлэл сургалт, сурталчилгааг зохион байгуулах;

Хүн амд артерийн даралт, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын ач холбогдлын талаар сурталчлах;

Эмнэлгийн эмч, ажилтнуудад артерийн даралт, чихрийн шижин өвчний эмнэл зүйн удирдамжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйгээр хангах;

Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй